
Монгол Улсын эдийн засагт өнөөдөр хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол шинэ орлого, шинэ хөрөнгө оруулалт, шинэ экспорт. Төсвийн орлого, гадаад валютын улсын нөөц, төгрөгийн ханшийн тогтвортой байдал зэрэг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг дэмжих бодит эх үүсвэрийн нэг нь алтны салбар хэвээр байна.
Гэвч бодит байдалд манай улсын алтны олборлолт буурч, Монголбанканд тушаах алтны хэмжээ жилээс жилд багасаж байна.
- 2024 онд 16 тонн алт тушаасан бол
- 2025 онд энэ хэмжээ 10 тонн болж буурсан.
- Харин 2026 оны эхний таван сарын байдлаар алтны экспорт өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурсан нь уул уурхайн салбарын идэвхжил, валютын урсгал энэ түүхий эдийн хувьд саарч байгааг илтгэж байна.
Ийм нөхцөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төсөл нь эдийн засгийн сэргэлтийг дэмжих цаг үеэ олсон шийдэл болж байна.
Олон жил хүлээгдсэн боломж
Гацууртын алтны үндсэн орд бол шинэ төсөл биш. Энэхүү ордын хайгуул, нөөцийн тогтоолт, техник, эдийн засгийн үндэслэл, дэд бүтцийн бэлтгэл ажлууд хэдийнэ дууссан.
Геологийн 75.9 тонн, үйлдвэрлэлийн 42.3 тонн алтны баталгаатай нөөцтэй стратегийн орд бөгөөд олборлолтыг богино хугацаанд эхлүүлэх боломжтой цөөн төслийн нэг юм.
Монгол Улсын Их Хурал 2015 онд уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад оруулж, 2016 онд төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Өөрөөр хэлбэл төр энэ төслийг олон жилийн өмнөөс үндэсний эдийн засагт чухал ач холбогдолтой гэж үнэлсэн байдаг.
Харин 2020 онд Ноён уулын дархан цаазат газрын хилийн шинэчлэлтэй холбоотойгоор ашиглалтын талбайн тодорхой хэсэг хамгаалалтын бүстэй давхцаж, төслийн хэрэгжилт зогсонги байдалд орсон юм.
Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төсөл нь өмнө гарсан төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх боломжийг сэргээж, олон жил гацсан стратегийн төслийг хөдөлгөх эрх зүйн орчныг бүрдүүлэх аж.
Гацууртын төслийн эдийн засгийн үр өгөөж зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй.
Төсөл хэрэгжсэнээр жил бүр Монголбанканд дөрвөн тонн хүртэл алт тушаах боломж бүрдэнэ. Энэ нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг болно.
Мөн жил бүр 500–600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдэхээр тооцоолж байгаа бөгөөд төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
Энэ нь уул уурхайн баялгийн үр өгөөжийг өнөөдрийн төсөвт төдийгүй ирээдүй үеийн хөгжилд зориулан хуримтлуулах төрийн бодлоготой бүрэн нийцэж байна.
Үүнээс гадна төрийн 34 хувийн эзэмшил хадгалагдах учраас ногдол ашиг, татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ажлын байр, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг олон сувгаар эдийн засгийн үр өгөөж бий болно.
Гацууртын ордоос гадна Сэлэнгэ аймгийн Мандал суманд, Ноён уулын бүсэд орших Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай мөн дархан цаазат газрын хилтэй давхцаж байгаа юм.
Эрээн-Баавгайтын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Ноён уулын орчимд байрладаг. Энэ нь Гацууртын алтны үндсэн ордтой нэг бүсэд орших бөгөөд хоёр ордын зарим ашиглалтын талбай нь Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхцдаг.
Тогтоолын төсөлд дурдсанаар:
- Эрээн-Баавгайтын ордын үйлдвэрлэлийн нөөц 10.5 тонн алт гэж тооцогдож байна.
- Гацууртын ордын 42.3 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй хамтатган нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Стратегийн ордоо хөдөлгөх цаг болсон
Дэлхийн олон улс байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс бий болсон орлогоороо ирээдүйн хөгжлийн сангаа бүрдүүлдэг. Монгол Улс ч энэ жишгийг дагаж Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бий болгосон.
Тиймээс Гацууртын төслийг хөдөлгөх нь зөвхөн нэг уурхай ашиглалтад оруулах асуудал биш. Энэ нь төрийн өмнөх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, үндэсний эдийн засгийг шинэ шатанд гаргах стратегийн алхам юм.
Эдийн засгийн боломжийг алдалгүй ашиглахын зэрэгцээ хууль, байгаль орчны шаардлагыг чанд мөрдөн ажиллах нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн, цаг үеэ олсон шийдвэр болохыг энэхүү тогтоолын төсөл харуулж байна.










тэнэгүүд чадахгүй