
Монголдоо 10 дахь жилдээ дотуур хувцас үйлдвэрлэж буй “Debra Mongolia” энэ оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулахааргүй болж буйгаа зарлалаа. Тус брэнд 2024 оноос хойш баг бүрэлдэхүүнээ цомхотгон, зөвхөн цөөн тооны захиалга л гаргаж буй гэх. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сараас хойш үүсгэн байгуулагч О.Энхбилэг бүх ажлаа ганцаараа хариуцан ажиллаж байгаа аж. Биднийг очиход тэрбээр гэрийнхээ нэг өрөөнд оёдлын машинуудаа өрөөд тавьчихсан захиалгуудаа гаргаж байлаа.

О.Энхбилэг “Уг нь би оффис, хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Төгсөөд удаагүй хөөрхөн охинтой болсон. Нэг өдөр өөртөө дотуур хувцас оёж үзмээр санагдаад, гараараа оёж байсан. Дараагийнхыг нь эмээгийнхээ оёдлын машинаар оёж байлаа. Торон дотуур хувцас моод болж байх үед дотуур хувцас оёж таарсан л даа. Зураг, бичлэгийг нь фэйсбүүктээ оруултал эргэн тойрны маань бүх хүн дэмжиж захиалга өгсөн. Ковидын өмнө албан ёсны дэлгүүртэй болж, ажилчдын тоогоо ч нэмсэн. Өнөөдрийг хүртэл худалдаанд гаргасан бүх захиалгаа эхлээд өөртөө нэгийг хийж өмсөж үздэг байлаа. Материалынх нь суулт, эсгүүр, угаахаар будаж гарч байна уу, сэмэрч байна уу гээд бүгдийг эхлээд туршиж үздэг байлаа. Өнөөдөр монгол брэндүүд маань олноор хаалгаа барьж байна. Уг нь бол миний дотроо бодож явсан нэг хүсэл бол төр маань нэг том худалдааны төв нээгээд өгчихсөн бол асар том дэмжлэг болох байсан. Тэнд зөвхөн монгол брэндүүд л үйл ажиллагаагаа явуулаад л. Түрээс нь ч хямд. Оёдлын газруудынх нь урлан хүртэл тэндээ байж болдог цогц шийдэлтэй бол сайхан сан. Ихэнх оффисууд дуу чимээ ихтэй гэдэг утгаараа биднийг оруулах дургүй байдаг. Тэгээд дийлэнх нь В1 давхар түрээсэлдэг дээ.
Брэндийг маань 10 жил чин сэтгэлээсээ дэмжиж, анхны захиалгаасаа эхлээд дахин дахин эргэн ирсэн бүх хэрэгчдэдээ маш их баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэг, хүчээр өнөөдрийг хүрлээ. Цаашдаа “Debra Mongolia” брэндийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. 10 жил хийж, бүтээсэн зүйл маань учир бүр орхичхож чадахгүй байх. Ямартай ч цаашид дотуур хувцас өөртөө оёж сурах сургалтаа тогтмолжуулахыг хичээнэ. “Эхнэртээ өөрийн гараар дотуур хувцас хийж өгмөөр байна” гэсэн ах хүртэл өнөөдөр сургалтад маань суулаа” хэмээсэн юм.
Үйл ажиллагаагаа зогсоох гэж буйтай холбогдуулан тэрбээр 6-р сарын 30-ныг дуустал урьдчилсан захиалга авч байгаа аж. Тодруулбал, 100 мянган төгрөгөөс дээш худалдан авалт бүрт 55 мянган төгрөгийн үнэ бүхий цээживч хослолыг бэлэг болгон урлаж өгөх юм байна.









