
БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүлээн авсан гадаадын зорчигчдын тоогоороо анх удаа дэлхийд тэргүүлжээ.
Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн тооцоолсноор энэ оны эхний хагаст Инчон олон улсын нисэх онгоцны буудлаар гадаадын 38.4 сая зорчигч үйлчлүүлжээ.
Энэ нь АНУ-Ираны дайны улмаас Дубайгаар дамжин Европ руу зорчдог байсан иргэд Инчоноор дамжин зорчих нь нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд үүний үр дүнд Инчон олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин Европ руу зорчиж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18 хувиар өссөн байна.
Инчон олон улсын нисэх онгоцны буудлын араас 37.79 сая зорчигч хүлээн авсан Лондоны Хитроу нисэх онгоцны буудал бичигдсэн байна.
2024 онд Инчон олон улсын нисэх онгоцны буудал хамгийн олон гадаадын зорчигч хүлээн авсан онгоцны буудлуудын жагсаалтын 12-т, 2025 онд 13-т, харин Лондоны Хитроу 2024 онд 5-т, 2025 онд 7-д бичигдэж байсан аж.
Энэ оны жагсаалтын 3-т Сингапурын Чанги нисэх онгоцны буудал бичигджээ. Тус онгоцны буудлаар 34.53 сая гадаадын зорчигч үйлчлүүлсэн байна.
2001 онд ашиглалтад орсон Инчон олон улсын нисэх онгоцны буудал дэд бүтцээ өргөжүүлснээр тус онгоцны буудлаас гадаадын 158 хот руу нисэх боломжтой болжээ. Инчон олон улсын нисэх онгоцны буудалтай харьцуулахад Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлаас гадаадын 139 хот руу, Шанхайн Пудон нисэх онгоцны буудлаас 92, Токиогийн Наритагаас 86 хот руу нисэх боломжтой аж.









