
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадам 12 хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдах эсэх асуудал наадамчин олны дунд эргэлзээ дагуулж байсан бол МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав уг асуудлаар хэвлэлд ярилцлага өгснийг хүргэе.
“Үндэсний их баяр наадмын тухай хуульд Их Монгол Улсын болон Ардын хувьсгалын тэгш ой давхацсан тохиолдолд 10 жилд нэг удаа 1024 бөх барилдана гэх заалт байдаг шүү дээ. Сая Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зарим сайд нарын зүгээс Их Монгол Улсын тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдуулах боломжтой эсэхийг МҮБХ болон одоо цаг үед барилдаж байгаа бөхчүүдээс санал аван Үндэсний их баяр наадмын хороонд уг саналыг хүргүүллээ.
МҮБХ-ноос энэ жилийн хувьд 1024 бөх барилдах боломжтой гэж үзэн бэлтгэл ажилдаа ороод явж байна. Бидний саналд үндэслэн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд уг асуудлыг эцэслэнэ.
Үндэсний их баяр наадам маань долоодугаар сарын 11-ний өдөр есөн хөлт цагаан туг залснаар наадам эхэлнэ гэж хуульд заасан байдаг. Хамгийн сүүлд 1024 бөх барилдсан наадмыг үзэхэд үзүүр түрүүний барилдаан үдшийн 00 цагийн үед барилдаж байсан шүү дээ. Энэ нь дэлхий даяар тархан суусан олон Монголчууд үзэж байгаа. Нөгөө талдаа долоодугаар сарын 12-ны өглөө 08:00 цагаас ам авч бөхийн барилдааны гурвын даваа эхэлж үдшийн 00 цаг хүртэл барилдана гэсэн үг. Үзүүр түрүүний барилдаан эхлэх гэж байхад бөхийн хөлийн шүрмэс татах гэх мэт асуудал үүсдэг. Засгийн газрын 10 хоног бүх нийтээр амрах шийдвэр болон холбогдох хуульд үндэслэж МҮБХ-ноос долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны нэг, хоёрын давааны барилдааныг барилдуулж, долоодугаар сарын 11-ний өдөр есөн хөлт цагаан тугаа залсны дараа гурав, дөрвийн давааны барилдаанууд эхлэх боломжтой гэсэн саналыг Үндэсний бөхийн салбар хорооны хурлаар дэмжсэн байгаа.
Эцсийн шийдвэр Үндэсний их баяр наадмын салбар хорооны хурлаар шийдвэрлэнэ” гэлээ.
Эх сурвалж: Tv5 телевиз









