
БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гю Бак БНСУ-ын зэвсэгт хүчин дайн байлдааны үеийн стратегийн өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд зэвсэгт хүчний бүх албан хаагчдаа дроны оператораар сургах болсноо мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрээр БНСУ-ын бүх цэргүүд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг яг л өөрийн хоёр дахь галт зэвсэгт мэт ашиглаж сурсан байх ёстой гэжээ.
БНСУ-ын эрх баригчид хуурай газрын, тэнгисийн болон агаарын нисэх хүчний нийт 500 мянган албан хаагчдыг “дроны дайчид” болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Ан Гю Бак Украин болон Ойрх Дорнодод болж буй дайнууд нь байлдааны дрон дайн тулааны явц, үр дүнг өөрчлөх чадалтайг харуулсан бодит жишээ болохыг онцолж, “Хямд үнэтэй дроныг олон тоогоор ашиглах нь дайн тулааны шинж байдлыг үндсээр нь өөрчилж байна.” гэжээ.
Тэрээр уг мэдэгдлийнхээ үеэр Хойд Солонгосын тал зэр зэвсгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсээр байгаа нь БНСУ-ын зэвсэгт хүчний болон иргэний дэд бүтцэд заналхийлж байгаа тухай дурдсан байна.
БНСУ-ын зэвсэгт хүчин албан хаагчдынхаа сургалтад зориулж энэ оны сүүл гэхэд эхний ээлжид 11 мянган дрон худалдан авахаар төлөвлөж байгаа ба 2029 он гэхэд энэ тоогоо 60 мянга болгож, 2030 он гэхэд сургалтын дронуудаас гадна хямд үнэтэй байлдааны 20 мянга гаруй дронтой болох аж.
2022 онд Хойд Солонгосын 5 дрон БНСУ-ын агаарын зайд нэвтэрч, нэг дрон нь Сөүл дэх Ерөнхийлөгчийн ордон хүртэл нисэж, БНСУ-ын зэвсэгт хүчин ганц дроныг устгахын тулд сөнөөгч онгоцнууд, нисдэг тэрэгнүүд хүртэл ашиглаад бүтэлгүйтсэн түүхтэй билээ.
Түүнээс хойш Пхеньяны дронуудын хүчин чадал нэлээдгүй сайжирсан талаар эх сурвалжууд онцолсоор байгаа ба энэ нь Хойд Солонгос сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын салбарт ОХУ-тай хамтран ажиллах болсонтой холбоотой аж.
The Guardian









