
Сүүлийн үед Баян-Өлгий аймагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар байгуулах асуудал олон нийтийн сүлжээ, улс төрийн хүрээ болон Төрийн ордонд өргөн хэлэлцүүлэг дагуулж байна. Тус асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам тайлбар мэдээлэл өгсөн ч мэдэгдлийг яамны хэвлэлийн төлөөлөгч хувийн цахим хуудсаараа нийтэлж, улмаар Гадаад харилцааны яамны албан ёсны пэйжээс түгээсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр, 2025 онд Монгол Улсад Казахстаны 24,395 иргэн зорчсон бол Казахстан Улсад Монголын 23,849 иргэн зорчжээ. Энэ нь хоёр улсын иргэдийн харилцаа, хөдөлгөөн идэвхтэй байгааг харуулж байна. Хүмүүсийн байр суурийг түүвэрлэж, гишүүд болоод иргэд ямар байр сууриудад хуваагдаж буйг харцгаая.
Бусад улс орнуудын жишгээс харвал консулын газрууд нийслэлээс гадна том хотууд бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.
Манай улсын 34 элчин сайдын яамнаас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Мөн манайд гадаадын 27 Элчин сайдын яам, Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажллаж буй.
ДЭМЖИЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, сайд Т.Аубакир:
- Аливаа өөр улсын консулын алба хаана байгуулагдах нь Гадаад Харилцааны яамны бодлогоор тодорхойлогдох асуудал. Нөгөө талдаа манай улсын Ерөнхийлөгч саяхан Казакстан улсад айлчилж, хийхээр тохирсон ажлын нэг нь Баян-Өлгий аймагт Казакстаны консулын алба нээх юм. Баян-Өлгий аймгаас улаанбаатар хот руу 1700 гаруй км туулж ирээд алга дарам цаас авчихаад явах нь иргэдэд хүндрэл учруулж болзошгүй ч асуудал байна. Улс төрд аливаа сонсгол хийгдэхээр ардаас нь үндэстний цөөнхийн асуудлыг сөргүүлэн тавьж байгаа нь сонсголын эрчийг бууруулах технологи ч байх магадлалтай. Иймд ухаалгаар уг асуудлыг хараасай. Нөгөө талдаа ГХЯ-аас энэ асуудалд цэг тавих шаардлагатай, нээвэл ямар эдийн засаг, нийгмийн үр өгөөж байгаа вэ гэдэг дээр албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй.
Эх сурвалж-LiveTv
УИХ гишүүн П.Наранбаяр:
- Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар нээх асуудлыг тойрон монгол, казахаар талцсан хагарал явж буйд үнэхээр харамсаж байна. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Хятад улсын дотоод самуун, Оросын эзэнт гүрний хавчлагад өртсөн казахууд Монголын харьяанд орохоо илэрхийлэн өргөх бичиг барьж, эдүгээгийн Баян-Өлгий аймагт орж ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш казахууд Монгол Улсын өвөрмөц соёлын нэг хэсгийг бүтээн, баруун хязгаарыг батлан сахих үйл хэрэгт зүтгэж ирсэн юм. Адилхан эсгий гэрт сууж, мал аж ахуй эрхлэн, кумыс буюу айргаа уун байгальтайгаа ойр зэрэгцэн оршиж, дөрвөн цагийн улиралд нүүдэллэн амьдардаг казах түмэн эсгий туургатны соёлын нэг бүрэлдэхүүн билээ…
Эх сурвалж- Пүрэвсүрэнгийн Наранбаяр цахим хаяг
Хуульч, өмгөөлөгч, А.Кадирбек:
- Миний бодлоор Казахстаны консулын газар Баян-Өлгий аймагт байгуулагдсанаар хамгийн түрүүнд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих институтийн суурь бий болно. Нэгдүгээрт, худалдааны чиглэлээр шинэ боломж нээгдэнэ. Консулын газар бол бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, худалдааны байгууллагуудыг холбох, мэдээллээр хангах, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад чухал үүрэгтэй байдаг. Үүний үр дүнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн бүтээгдэхүүнийг Казахстан болон Төв Азийн зах зээлд гаргах боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэж харж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн бүс нутгийн талаар албан ёсны, тогтвортой мэдээлэл авах сувгийг чухалчилдаг. Консулын газар ажилласнаар бизнесийн харилцаа илүү шууд болж, хамтарсан үйлдвэр, логистик, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих нөхцөл ч бүрдэх боломжтой. Гуравдугаарт, аялал жуулчлалын урсгал нэмэгдэнэ. Баян-Өлгий аймаг нь бүргэдийн баяр зэрэг өвөрмөц соёлоороо олон улсад танигдсан. Тиймээс консулын газар нь аялал жуулчлалын мэдээлэл сурталчилгааг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж чадна.
Эх сурвалж-Өдрийн Сонин
УИХ-ын гишүүн С.Замира:
- Баян-Өлгий аймагт Казакстан улсын консулын газар байгуулах асуудал нь хоёр улсын ерөнхийлөгчийн хэмжээнд яригдсан асуудал. Төр хийх ёстой юмаа л хийж байгаа.
Хүмүүс үндэстэн ястаны асуудалд болгоомжтой л хандах хэрэгтэй. Казакстан улсад 100 гаруй үндэстэн амьдардаг хэзээ ч нэгэнтэйгээ хагаралдаж, нэгнээ ялгаварладаггүй
манайд хоёр л үндэстэн байгаа Монгол, Казак гэсэн. Ялангуяа төрийн түшээ хүн бодолтой л байх хэрэгтэй.
Аюулгүй байдал судлаач М.Мөнхсайхан:
- Казакстан улсын Консулыг Баян-Өлгийд байгуулах нь маш зөв асуудал. Худалдаа арилжаа эрхлэх, аялал жуулчлалаар явахад гээд тухайн аймагт оршин суудаг иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байгаа нь зөв. Энгийн л хүний амьдралд шаардлагатай үйлчилгээг ойртуулж байгаа л асуудал түүн дээр хуваагдаад байх шаардлагагүй.
Эх сурвалж- М.Мөнхсайхан цахим хаяг
ДЭМЖИХГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
- Баян-Өлгийд Консул байгуулахыг хоёр улсын Ерөнхийлөгч шийдэх асуудал биш, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулна. Казахуудыг заяагдмал язгуур эрх ашгаар нь хамгаалж, вант улс шиг хүлээн зөвшөөрсөн улс Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй шүү.
Ашгүй энэ консулын газар гэгчийн шуумаар энэ казакуудын доторх үнэн зэсийг харин нийтээрээ танив. 16 жилийн өмнө ч элдвийг сэдэж байсан тэдний санаа огт Монголжоогүйг мэдрэв.
Namuun-Uchral Bold:
- Казакууд бол яагаад ч үндэстний цөөнх байх боломжгүй. Аливаа улсад дагаар орохдоо өөрсдийн газар нутагтайгаа орж ирж байгаа тохиолдолд үндэстний цөөнх гэж яригддаг. Соёлын цөөнх болон үндэсний цөөнх давуу эрх эдлэдэггүй хууль олон улсад байдаг.
Tsetseg Byambaa:
- Казакууд Монгол улсын иргэн л бол МОНГОЛ хэл нэгт сурах ёстой! Бүх төрийн үйлчилгээ Баян-өлгийд монгол хэлээр явах ёстой, хүчний байгууллага монгол хүнээр удирдуулах ёстой! Сонгуулийг томсогсон тойргоор явуулах бүр зайлшгүй шаардлагатай! Эцэст нь Баян-Өлгий Монгол улсын газар нутаг болохоос Казакстаны нутаг муж биш гэдгийг яс махандаа тултал ойлгож амьдрах хэрэгтэй шүү! Хавчигдлаа гэж үзвэл хаалга нээлттэй…
Oyun Dorjdamdin:
- Консулын газрууд дипломат үүргээс гадна мэдээлэл цуглуулах суваг болж ашиглагдах эрсдэл байдаг гэж үзэж байна. Түүний байр сууриар бол бүс нутгийн нөхцөл байдал, иргэдийн үзэл бодол зэрэг мэдээллийг газар дээрээс нь авах боломж бүрддэг учраас үндэсний аюулгүй байдлын талаас нухацтай авч үзэх шаардлагатай аж.
Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар байгуулах асуудал нь зөвхөн дипломат төлөөлөгчийн газрын тухай бус, үндэсний эв нэгдэл, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагаа, үндэсний аюулгүй байдлыг хөндсөн сэдэв болж байна.
Нэг тал нь иргэдийн үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа бол нөгөө тал нь үндэсний аюулгүй байдал, төрийн бодлого, үндэсний нэгдмэл байдлын талаас болгоомжлох ёстой гэж үзэж байна. Иймээс уг асуудлаар төр засгийн зүгээс илүү тодорхой, нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай байгааг олон нийт онцолсоор байна.








