
2026 оны улсын төсөв батлагдах үед эдийн засгийн өсөлт, экспортын орлого, уул уурхайн салбарын идэвхжилд түшиглэн төсвийн орлогыг тооцсон. Гэвч оны эхний хагаст үүссэн нөхцөл байдлыг харахад төсвийн орлого, зарлагын тэнцвэрт байдалд эрсдэл үүсэж эхэллээ.
Засгийн газар жагсаал, ажил хаялтын шахаанд орж цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ нь төсвийн урсгал зардлыг огцом өсгөсөн.
Нөгөө талаас Монгол Улсын төсвийн орлогын гол эх үүсвэр уул уурхайн салбар, газрын баялгийн түүхий эд хэвээр байгаа энэ үед орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. 2026 оны төсөвтөө тодотгол хийх тухай учирр мэдэх хүмүүс эдийн засагчид хэлсээр байгаа. Гэхдээ төсвийн тогтвортой байдлын тухай хуульдд заасан 3 нөхцөл бүрдээгүй байгаатай холбоотойгоор тодотгол хийхийг азнасаар байгаа ч эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал бидэнд боломж олгохгүй байна.
Ийм нөхцөлд төсвийн орлогоо бүрдүүлэх уул уурхайн төслүүдээ нэмэхгүй бол нүүрсний экспортын орлого улсын хэрэглээг хангахаар орлого төвлөрүүлж чадахгүй нь тодорхой харагдаж байна.
Экспорт өссөн ч төсвийн эрсдэл арилаагүй
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын экспорт 8.47 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар өссөн байна. Экспортын өсөлтийн гол шалтгаан нь эрдэс бүтээгдэхүүний экспорт 62.1 хувиар өссөнтэй холбоотой байв.
Мөн эхний таван сарын худалдааны ашиг 3.56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн 860 сая ам.долларын үзүүлэлтээс дөрөв дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Эдгээр тоо анхны харагдацаар эдийн засагт эерэг дүр зураг бий болгож байгаа ч төсвийн орлого автоматаар өснө гэсэн үг биш юм. Учир нь төсвийн орлого нь зөвхөн экспортын хэмжээнээс бус уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа, татварын төвлөрүүлэлт, бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, хөрөнгө оруулалтын орчноос шууд хамаардаг.
Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яам хамтарсан уулзалтаар 2026 оны нэгдүгээр улирлын макро эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн тэнцэл, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, валютын нөөц зэрэг үзүүлэлтүүдэд онцгой анхаарал хандуулсан.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын түвшинд төсвийн орлого, зарлагын тэнцэл болон эдийн засгийн тогтвортой байдлын асуудал бодитойгоор хэлэлцэгдэж эхэлсэн гэсэн үг.
Алт, зэсийн “цонх үе” нээгдэв
Олон улсын зах зээл дээр алт түүхэн дээд түвшинд ойртож, зэсийн үнэ эрчим хүчний шилжилт болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалан өндөр түвшинд хадгалагдаж байна.
Монгол Улсын экспортын бүтэц дэх хамгийн өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдийн нэг нь алт, зэс юм. Нүүрсний зах зээлээс ялгаатай нь эдгээр бүтээгдэхүүний урт хугацааны эрэлт харьцангуй тогтвортой гэж үздэг.
Тиймээс өнөөдөр Монгол Улс төсвийн хүндрэлээ зөвхөн татвар нэмэх эсвэл халамж танах замаар шийдэх бус алт, зэсийн төслүүдээ эрчимжүүлэх бодлогын сонголтын өмнө ирээд байна.
Энэ долоо хоногийн байдлаар дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ Монголын уул уурхайн салбарт ашигтай хэвээр байгааг олон улсын зах зээл дээрх доорх тооноос харж болохоор байна
Алтны үнэ:
– Спот алтны үнэ нэг трой унц нь ойролцоогоор 4,150–4,300 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна.
– Оны эхэнд алт түүхэн дээд түвшин болох 5,300 ам.доллар/унц-д хүрч байсан бөгөөд түүнээс буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 20 гаруй хувиар өндөр түвшинд хэвээр байна.
– 1 кг алтны зах зээлийн үнэ ойролцоогоор 133-145 мянган ам.доллар орчим байна.

Эх сурвалж: tradingeconomics.com
Зэсийн үнэ
– Зэсийн үнэ олон улсын зах зээл дээр 6.4 орчим ам.доллар/фунт буюу 14,000 орчим ам.доллар/тонн түвшинд арилжаалагдаж байна.
– Энэ нь жилийн өмнөхөөс 35 орчим хувиар өндөр үзүүлэлт бөгөөд түүхэн дээд түвшинд ойрхон хэвээр байна.
– Эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, дата төвүүдийн хөрөнгө оруулалт зэрэг нь зэсийн эрэлтийг өндөр түвшинд хадгалж байна.
Том төслүүдийг хөдөлгөхгүйгээр төсвөө хамгаалах боломж хязгаарлагдмал
Ерөнхий сайд болон Засгийн газар экспортын төрөлжилт, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хадгалах гол арга зам гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Хэрэв дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өндөр байгаа өнөөдрийн боломжийг ашиглаж чадахгүй бол Монгол Улс ирээдүйд илүү таагүй зах зээлийн нөхцөлд ижил төслүүдийг хөдөлгөхөөс өөр сонголтгүй болно.
Тиймээс өнөөдрийн гол асуудал нь төсөвт тодотгол хийх эсэхдээ бус, экспортын орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт оршиж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн энэ үед төсвийн дарамтыг даах шинэ эх үүсвэр хэрэгтэй. Харин тэр эх үүсвэр нь дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа алт, зэсийн томоохон төслүүд байж мэдэх юм.








