
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад гавлын яс болон тархины эд эсээрээ холбогдсон ихэр охидыг хиймэл оюун ухааны тусламжтай амжилттай салгажээ.
2023 оны 6-р сард Нигери улсад мэндэлсэн Мэрси, Гүүднесс ихэр охид төрөхдөө гавлын яс, тархины эд эсээрээ холбогдсон байжээ. Гавлын ясаараа холбогдон төрөх нь 2.5 сая төрөлт тутамд ганц тохиолддог ховор тохиолдолд тооцогддог ба биеийнхээ аль нэг хэсгээр холбогдон төрсөн ихрүүдийн 5 хувийг л бүрдүүлдэг аж. Судалгаагаар толгойгоороо холбогдсон ихрүүдийн 40 орчим хувь нь эхийн хэвлийд байхдаа эсвэл төрөлтийн үеэр, төрснийхөө дараа 24 цагийн дотор энддэг аж.
2025 онд Мэрси, Гүүднесс хоёр Их Британийн Gemini Untwined хандивын байгууллагаар дамжуулан Арабын Нэгдсэн Эмират улсын SEHA Sheikh Khalifa Medical City эмнэлэгт 4 сарын хугацаанд 4 удаагийн мэс ажилбарт орсон ба ихрүүдийг салгах гол мэс засал 2025 оны 1-р сард Лондон хотын Great Ormond Street эмнэлэгт болжээ. Түүнээс хойш ихрүүд бүрэн эдгэрч, эх орон луугаа буцсан байна.
40 гаруй цаг үргэлжилсэн тус мэс заслын үеэр Арабын Нэгдсэн Эмират, Их Британи, Нигери, Бразил зэрэг улсын 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдэх баг хэд хэдэн шинэ дэвшилтэт технологийг ашигласан ба үүнд хиймэл оюун ухааны тусламжтай ихрүүдийн тархины нарийн зураглалыг гаргах, ихрүүдийн гавлын ясанд силикон арьс суулгах ажилбарыг тус бүр амжилттай гүйцэтгэжээ.








