
Нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч хүний эрүүл мэндийг чимээгүйгээр хөнөөж байдаг нэгэн төрлийн хөнөөгч Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол “дуу шуугианы бохирдол” юм. Нийт хүн амын тал орчим хувь нь нийслэлд төвлөрч, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн бодлого алдагдсанаас үүдэн хот руу чиглэсэн хэт шилжилт хөдөлгөөн тасрахгүй байна.
Үүнийг дагаад тээврийн хэрэгслийн тоо үлэмж нэмэгдэж, Улаанбаатар хот өдөр, шөнөгүй дуу чимээнд нүргэлэх болов.
Сонсголын бичлэгээр хүний сонсголын босго 25 децибелээс дээш байхыг сонсгол бууралт гэж оношилдог бөгөөд сүүлийн үед шуугианаас гаралтай сонсгол бууралт дэлхий дахинд болон манай улсад эрс ихсэх хандлагатай байна.
Судалгаанаас үзэхэд энэхүү эмгэгийн тархалт бүс нутгаасаа хамааран 7–21% хэлбэлзэж байгаа ба хөгжиж буй орнуудад эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр хувьтай байна.
Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 4585:2026 стандартын дагуу гадаад орчны дуу шуугианы дээд хязгаарыг дараах байдлаар заасан байдаг:
- Өдрийн цагаар: 60 децибел (dB)
- Шөнийн цагаар: 45 децибел (dB)
Гэвч бодит байдал дээр энэ стандарт огт хэрэгжихгүй байгааг судлаачдын баг 2024 оны өвөл, 2025 оны хаврын хугацаанд хийсэн суурь тандалт судалгаагаар тогтоожээ.
Тэд нийслэлийн төв авто зам дагуух 15 байршилд 500 орчим удаагийн хэмжилт хийхэд дараах аймшигтай үр дүн гарсан байна.
Улаанбаатар хотын дуу шуугианы бодит хэмжээ:
|
Цаг хугацаа |
Стандарт хязгаар | Бодит дундаж түвшин | Дээд цэг |
|
Өдрийн цаг |
60 дБ | 75 дБ орчим |
94-96 дБ |
|
Шөнийн цаг |
45 дБ | 65 дБ орчим | 77-78 дБ |
Улаанбаатар хотын хамгийн өндөр децибел бүртгэгсэн нь Баянмонгол хороолол орчмын зам, төмөр зам дагасан суурьшлын бүсүүд, Баруун болон Зүүн 4 зам, томоохон гүүрүүд хамгийн өндөр эрсдэлтэй байна.
Үүнээс Нарны гүүрний доор дуу шуугианы түвшин хамгийн өндөр буюу 98–100 дБ хүрч байна.
Иргэдийн санал, гомдол: “Шөнө дунд цочиж сэрдэг”
– Хотын төв зам дагуу, Саппоро болон Нарны зам орчимд амьдардаг оршин суугчдын хувьд шөнийн амгалан тайван байдал алдагдаад удаж байна. Өдрийн цагаар галт тэрэг, том оврын ачааны машины чимээнд хүмүүс дасчихдаг ч шөнө дунд гэнэт гардаг том мотортой, яндангийн багтаамж ихтэй мотоциклийн нүргээн, жолооч нарын соёлгүй хэрэглээ болох шалтгаангүйгээр чанга дарах сигнал нь иргэдийг тухтай амраахгүй байна.
Залуу үеийнхэн үүнийг харьцангуй тоохгүй өнгөрөөж чаддаг ч гэр бүлийнх нь ахмад настнууд, нялх хүүхдүүд хааяа цочиж сэрдэг бөгөөд унтаж амрахад туйлын хүндрэлтэй байгааг хэлж байв. Гэрт нь зочид ирэхэд шөнийн чимээнээс болоод огт нойргүй хонодог тухай ч дурджээ.
Сонсгол судлалын эмч Э.Янжинлхам: “Эргэж сэргэхгүй сонсголын гэмтэл авах аюултай”


– Дуу шуугиан нь хүнийг байнгын тавгүй байдалд оруулж, организмын бодисын солилцооны эрчмийг бууруулдаг төдийгүй маргааш өдрийнх нь сэтгэн бодох чадвар, ажлын бүтээмжийг эрс бууруулдаг.
85 дБ-ээс дээш шуугианд удаан хугацаагаар өртөх, 120 дБ-ээс дээш гэнэтийн чанга дуу чимээнд өртөхөд дотор чихний нарийн дуу чимээг хүлээн авдаг мэдрэлийн эсүүд эргэж сэргэхгүйгээр гэмтдэг байна.
Нэгэнт гэмтсэн сонсголын мэдрэлийг эргэн сэргээх эмнэлгийн арга байхгүй тул урьдчилан сэргийлэх нь нэн чухал. Хувь хүний зүгээс чихэвч зөв хэрэглэх “60/60-ийн дүрэм”-ийг баримтлах хэрэгтэй.
Энэ нь сонсож буй дууны чанга нь 60%-иас хэтрүүлэхгүй, тасралтгүй 60 минутаас илүү сонсохгүй байх юм. Хэрэв гаднах орчны шуугиан 75 дБ орчим байхад чихэвчнийхээ дууг хамгийн чанга дээр нь тавьж сонсвол сонсгол буурах эрсдэл эрс нэмэгддэг.
НЭМҮТ-ийн Агаарын чанар хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж: “Тээврийн хэрэгслийн хуучирсан стандартыг судлаачид онцолж үзэхэд, Монгол Улсад мөрдөгдөж буй авто тээврийн хэрэгслийн дуу шуугианы стандарт нь 1998 оных бөгөөд үүнд зөвхөн мотоцикл, суудлын автомашин, автобус гэсэн гуравхан төрлийг заасан нь өнөөгийн техник технологийн хөгжилтэй нийцэхгүй байна”
Түүнчлэн тээврийн хэрэгслийн дуу чимээ ба хүний сонсголын дунд сонирхолтой зөрчил гардаг байна.
Мотоцикл унаж буй хүндээ чанга дуу нь адреналин, таашаал өгдөг төдийгүй замын хөдөлгөөнд бусдын анхаарлыг татаж осол аваараас сэргийлдэг гэж жолооч нар үздэг. Харин хөндлөнгийн иргэдэд дуу чимээ нь төвөгтэй сонсогддог.
Цахилгаан тээврийн хэрэгсэл болох скүүтер, мопед, суррон эсрэгээрээ ямар ч чимээгүй тул явган зорчигчийн анхаарал сарнисан үед араас нь хурдтай гарч ирж, осол гаргах шинэ эрсдэлийг дагуулж байна.


Тэгвэл бид юу хийх боломжтой вэ?
Хотод амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг хамгаалахын тулд зөвхөн авто зам гэлтгүй, гадна чанга яригчтай сурталчилгаа зэрэг чимээ гаргаж буй элемент бүрд дууны дээд хязгаарыг децибелээр нарийн тогтоосон нэгдсэн шинэ стандарт хэрэгтэй байна.
Физик долгионыг сааруулах хэд хэдэн үндсэн аргууд байдаг.
- Инженерийн шийдэл: Хотын гол замуудын дагуу дуу тусгаарлах том далангуудыг барих, барилгын гадна дотор нь дуу тусгаарлах материалаар барьж орчны чанарыг сайжруулах.
- Ногоон байгууламжийн бүтцийг өөрчлөх: Хамгийн энгийн бөгөөд байгальд ээлтэй шийдэл бол мод тарих юм. Гэхдээ хотын төвд зөвхөн үзэмжийн гоёлын ургамал тарихаас илүүтэйгээр, дууны физик долгионыг сарниулах, хугалж сааруулах өндөр чадвартай мод, бут сөөгийг стратегийн дагуу шигүү тарих шаардлагатай.
- Хяналт ба соёл: Замын цагдаагийн газар шөнийн цагаар явах мотоциклийн хурд, чимээнд хяналт тавих, иргэд шаардлагагүй бол автомашины дуут дохио өгөхгүй байх соёлд суралцах.
Эдгээр цогц зохицуулалтыг нийслэлийн удирдлагуудын түвшинд тууштай хэрэгжүүлж чадвал ирээдүйд иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, илүү тайван амгалан Улаанбаатар хотыг бий болгох бүрэн боломжтой юм.
Б.Уранзаяа








