
Б.Батгэрэл: Түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
“Улаанбаатар Их дуулга-2026” жүдо бөхийн тэмцээн түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлэхэд бэлэн болжээ. Маргааш(2026.06.19) хөшгөө нээх тус тэмцээн олимпын эрхийн чансааны оноо олгодог. Энэ сарын 19-21-ний өдрүүдэд үргэлжлэх тэмцээн 2022 оноос эхлэлтэй.
Тус тэмцээний цар хүрээ, нэр хүндийн хувьд тасралтгүй өсөн хөгжсөөр энэ жил олон улсын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Энэ жилийн тэмцээний гол онцлог нь өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болж байгаа. Тэмцээнд дэлхийн 58 орны 454 тамирчин, тэдгээрийг дагалдан 800 гаруй албаны болон арын албаны төлөөлөгчид Монгол Улсад зорин иржээ. Энэ нь Монгол улсад зохион байгуулагдаж байсан тэмцээнүүдээс хамгийн олон орон оролцож буй түүхэн дээд үзүүлэлт юм.
Мөн олимп, дэлхийн аварга цолтой 30 орчим шилдэг жүдочид зодоглоно. Харин Монгол улсаас энэхүү нэр хүндтэй тэмцээнд нийт 56 тамирчин хүч үзнэ.
Багийн бүрэлдэхүүнд тив, дэлхий, Олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж яваа тамирчид эмэгтэйчүүдээс А.Адъяасүрэн, Б.Баасанхүү, эрэгтэйчүүдээс Ё.Басхүү нар тэргүүлж ахлан оролцоно.
Манай улсын баг тамирчид 2022 онд хоёр алтан медаль хүртэж байсан бол дөрвөн жилийн хугацаанд медалийн чанараа тогтмол ахиулсаар ирсэн. Тухайлбал, 2025 онд 3 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан амжилтаа энэ жил ахиулах, улмаар “Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноогоо цуглуулах чухал зорилгыг өмнөө тавиад байна.
Тэмцээний зохион байгуулалт:
- Монгол улс “Их дуулга” тэмцээнийг 2026-2030 он хүртэл эх орондоо үргэлжлүүлэн зохион байгуулахаар эрхээ авахын төлөө сунгахаар төлөвлөжээ.
Ингээд та бүхэндээ Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлийн ярилцлагыг хүргэе.
Б.Батгэрэл: “Жүдо сонирхогч, дэмжигчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсад зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээнд та бүхнийг хүндэтгэн угтан авч байгаадаа бид туйлын баяртай байна.
Бид энэхүү нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо ахин зохион байгуулснаар дэлхийн хэмжээний жүдо бөхийн тэмцээнүүдийг хүлээн авах чадамжаа харуулж, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх тууштай зорилгоо дахин баталж байна. Энэхүү өндөр зэрэглэлийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, байнгын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн Олон улсын жудо бөхийн холбооны (IJF) хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа шударга өрсөлдөөн, мартагдашгүй дурсамж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.
Дэлгэрэнгүй видео ярилцлага үзэх линк:








