
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Бүх төрлийн тамхи хортой” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Тус төвөөс санаачлан Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор “Тамхины хяналтын тухай хууль”-ийг батлуулахыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих албаны дарга, Хүний их эмч С.Гэрэлмаа: “Тамхинд ашигтай зүйл нэгээхэн ч байхгүй”
“Тамхинд ашигтай зүйл нэгээхэн ч байхгүй. Янжуур болон электрон тамхи хоёр хоёулаа никотин, донтуулагч бодисыг агуулдаг, 7000 гаруй хүнд химийн металл бодис агуулдгаараа адилхан. Аль нэг нь сайн, муу гэж байхгүй, тамхи л бол тамхи. Тамхийг өнөөдөр татаад маргааш уршиг нь гарахгүй ч олон жилийн дараа нас баралт, зүрх судасны өвчин, хавдрыг үүсгэдэг анхдагч хүчин зүйл болдог. Хэдий чинээ бага наснаасаа эхэлж татна, өвчлөх нас нь төдий чинээ эрт байна. 13 насандаа татаж эхэлсэн хүүхэд 10 жилийн дараа буюу 23 насандаа хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй.”
Орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул: Хүний уушги усны дуслыг биш, хийг шингээж хүчилтөрөгч авах зориулалттай
“Тун гэдэг ойлголтыг заавал хортой холбож ярих ёстой. Янжуур тамхийг дотоод орчинд татахыг хуулиар хорьсон тул хүмүүсийн татах давтамж нь бага (өдөрт 3 удаа татвал 3 удаа хордоно). Харин электрон тамхийг өдөр шөнөгүй татаж байгаа бол тэр хэмжээгээр бие тасралтгүй хордоно. Тамхины утаанаас гарч буй шингэн бүтэцтэй химийн хорнууд агаар мандалд урвалд орж, дараагийн химийн хортой бодисыг үүсгэх магадлалтайг агаарын бохирдол судалдаг судлаачид судалж байна. Хүний уушги усны дуслыг биш, хийг шингээж хүчилтөрөгч авах зориулалттай. Электрон тамхинаас ялгарч буй бодисын 60-70 хувь нь өрөөнд цацагдаж, түүгээр нь бусад хүмүүс амьсгалж байна. Тиймээс шинэ хуулиар электрон тамхийг өрөөнд татахыг хориглохыг хүсэж байна.”
Анагаах ухааны доктор, эмч Н.Эрдэнэхүү: Тамхи татдаг хүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг насан туршдаа баталгаажуулж өгч байна гэсэн үг
“Монгол улсад өнөөдрийн байдлаар электрон тамхи хамгийн хортой байна. Таталтын давтамж нь өндөрсөж, биед орж буй тунгийн хэмжээ нь янжуур тамхинаас илүү өндөр донтолтод хүргэж байна. Янжуур тамхинд дээд тал нь 1.2 мг никотин агуулагддаг бол электрон тамхинд хамгийн багадаа 3 мг, цаашлаад 4, 5, 6 мг агуулагдах нь энгийн үзэгдэл болсон. Энэ нь иргэд, ирээдүй хойч үеийг донтох чиглэл рүү хүргэж байна. Тамхинд орсон хүн гарна гэж байхгүй, тийм сэтгэлийн тэнхээтэй хүн ховор. Ингэснээр тамхины үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг насан туршдаа баталгаажуулж өгч байна гэсэн үг.”
Дэлхийд жил бүр 8 сая хүн (дийлэнх нь хөгжиж буй орны иргэд), Монголд жил бүр 4300 хүн тамхинаас шалтгаалж нас барж байна. Нас баралтын 72 хувь нь 70 наснаас өмнө буюу цаг бусаар тохиолддог бөгөөд эрчүүд зүрх судас, хавдраар илүү өртөж байна.
Монголын 15-69 насны хүн амын 24.2% (5 хүн тутмын 1 нь) тамхи татдаг. Үүнээс эрэгтэйчүүд 43.7%, эмэгтэйчүүд 5%-ийг эзэлж байна.
Тамхи татаж эхэлсэн дундаж нас 18.9 байгаа бол боловсролын орчинд энэ нас 13 болж залуужсан. 2023 оны судалгаагаар 13-17 насны 4 суралцагч тутмын 1 нь (24.8%) электрон тамхи, 10 хүүхэд тутмын 1 нь янжуур тамхи татаж байна.
Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэлийг 2016, 2017 оноос хойш хөөцөлдсөн ч өдийг хүртэл батлагдаагүй байгаа тул хүүхэд залуусаа хамгаалахын тулд уг хуулийг яаралтай батлахыг шаардаж байна.
Б.Уранзаяа
Дэлгэрэнгүй видео үзэх линк:








