
Дэлхийн олон оронд төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрээд байгаа энэ үед эдийн засаг, орон сууцны үнэ, амьжиргааны өртөг зэрэг уламжлалт шалтгаануудаас гадна ухаалаг утасны хэрэглээ шинэ хүчин зүйл болж байж болзошгүй талаар судлаачид анхааруулж байна.
Саяхан АНУ-ын эдийн засагчид болох Кейтлин Мейрс болон Изекил Хүүпер нарын хийсэн судалгаагаар iPhone гарч, ухаалаг утас өргөн хэрэглээнд нэвтэрсэн 2007 оноос хойш АНУ-ын төрөлтийн түвшин эрс буурсан нь хоорондоо холбоотой байж болохыг онцолжээ.
Судлаачдын тооцоолсноор төрөлтийн бууралтын 33-52 хувийг ухаалаг утасны хэрэглээтэй холбон тайлбарлах боломжтой гэж үзсэн байна. Судалгаанд дурдсанаар ухаалаг утас хүмүүсийн нүүр тулсан харилцааг багасгаж, болзох болон хосын харилцаанд өөрчлөлт оруулсан нь бэлгийн харьцааны давтамж буурахад нөлөөлж болзошгүй аж. Мөн цахим контент, тэр дундаа насанд хүрэгчдийн сайтын хэрэглээ нэмэгдсэн нь бодит харилцааг орлох хандлага бий болгож байгааг онцлов.
АНУ-ын төрөлтийн түвшин 2007-2025 оны хооронд 23 орчим хувиар буурч, 2025 онд 15-44 насны 1000 эмэгтэй тутамд ердөө 53 төрөлт ногдсон нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч эрдэмтэд ухаалаг утас нь цорын ганц шалтгаан биш гэдгийг онцолж байна.

Залуу үеийнхэн гэр бүл зохиох, хүүхэдтэй болох хугацаагаа хойшлуулах болсон, орон сууцны үнэ өссөн, хүүхэд өсгөх зардал нэмэгдсэн зэрэг нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйл төрөлтийн бууралтад нөлөөлж байгаа аж.
Түүнчлэн ухаалаг утасны сүлжээний хамрах хүрээ өндөр байсан бүс нутгуудад төрөлтийн түвшин мэдэгдэхүйц хурдан буурсан байна. Ялангуяа өсвөр насныхны дунд хамгийн их өөрчлөлт ажиглагджээ.
• 15-19 насны охидын төрөлт өргөн хамрах хүрээтэй бүсэд 26 хувиар буурсан бол сүлжээ муутай бүсэд 14 хувиар буурсан байна.
• 20-иод насны эмэгтэйчүүдийн төрөлт өндөр хамрах хүрээтэй бүсэд 15 хувиар, харин бусад бүсэд 10 хувиар буурчээ.
• 30 гаруй насны эмэгтэйчүүдийн төрөлт ухаалаг утас өргөн тархсан бүсэд бага зэрэг буурсан бол бусад газарт өссөн байна.
Харин сонирхолтой нь, өөр нэгэн шинэхэн эрдэм шинжилгээний судалгаагаар гар утасны хэрэглээ эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт шууд нөлөөлдөг гэсэн баттай нотолгоо одоогоор олдоогүй байна. Тиймээс судлаачид төрөлт буурч буй шалтгааныг зөвхөн биологийн бус, харин хүмүүсийн амьдралын хэв маяг, харилцааны өөрчлөлттэй холбон судлах шаардлагатай гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, асуудал нь утас өөрөө бус, харин ухаалаг утас хүмүүсийн амьдрал, болзоо, хайр дурлал, гэр бүл төлөвлөлтийн хэв маягийг хэрхэн өөрчилж байгаа явдал байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Эх сурвалж: BBC, NYMag








