
Хүний амьдралыг өөрчилж буй технологи: “Pinecone Academy”-ийн залуусын бүтээж буй ирээдүй
Хиймэл оюун ухаан, программ хангамжийн хөгжлийн эрин үе дэлхий даяар хөдөлмөрийн зах зээлийг эрчимтэй өөрчилж байна. Өмнө нь зөвхөн мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хэрэглэдэг байсан программчлал өнөөдөр бизнес, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ гээд бүхий л салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болжээ. Тиймээс технологийн ур чадвартай инженерүүдийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж, улс орнууд чадварлаг хүний нөөцөө бэлтгэхэд онцгой анхаарч байна. Монгол Улсад ч мөн адил программ хангамж, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээний чиглэлийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед ирээдүйн 10 мянган инженерүүдийг бэлтгэх зорилготой “Pinecone Academy” олон залууст шинэ боломжийг нээж байна.
Ирээдүйн 10 мянган инженерийг бэлтгэх зорилготой “Боргоцой”-нууд:
Зөвхөн онол заадаг сургалтын байгууллага бус харин суралцагчдыг бодит асуудал шийддэг инженер болгон төлөвшүүлэхийг зорьдог аж. Академийн хамгийн онцлог тал нь суралцагч бүр төгсөхдөө өөрийн бүтээсэн, нийгэмд үнэ цэн бүтээх бодит төсөлтэй төгсдөг явдал юм. Өөрөөр хэлбэл, төгсөгчид зөвхөн сертификат бус харин бодит хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээсэн туршлагатай хөдөлмөрийн зах зээлд гарч байна гэсэн үг.

“Харааны онцлог хэрэгцээ”-тэй иргэдэд зориулсан “Smart Sight” апп
Асуудал: Монгол Улсад 12,600 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 4,000 орчим нь Улаанбаатар хотод төвлөрөн суурьшдаг. Мөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжтэй орчин бүрдүүлэх асуудал өнөөдөр ч сорилт хэвээр байна. Ялангуяа харааны бэрхшээлтэй иргэд хотын орчинд аюулгүй зорчиход олон хүндрэл тулгардаг. Автомашины зам хаасан саад, өндөрт байрлах модны мөчир, замын тэмдэг, автобусны буудал олох зэрэг өдөр тутмын асуудлууд тэдний хувьд эрсдэл дагуулдаг.
Тэгвэл тэд эрсдлээс хэрхэн сэргийлэх гарц гаргалгааг олж харжээ
Шийдэл: Энэ асуудлыг шийдэх зорилгоор Pinecone Academy-ийн залуу инженерүүд “SMART SIGHT” нэртэй аппликейшнийг бүтээжээ. Уг аппликейшн нь хиймэл оюун ухаан болон дүрс таних технологид суурилан орчны мэдээллийг хэрэглэгчид бодит хугацаанд дамжуулах боломжтой. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэн өөрийн эргэн тойрон дахь саад тотгор, байршлын мэдээллийг шууд авах бөгөөд автобусны буудал, зорчих чиглэлээ илүү хялбар тодорхойлох боломжтой болно.
Тухайлбал, зам дээр байрлах саад, автомашины хаалт, өндөрт унжсан мөчир зэрэг аюул үүсгэж болзошгүй зүйлсийг илрүүлэн сэрэмжлүүлэх боломжтой. Энэ нь зөвхөн технологийн шийдэл бус харааны бэрхшээлтэй иргэдийн бие даан зорчих боломжийг нэмэгдүүлж буй нийгмийн үнэ цэнтэй төсөл юм. Өнөөдөр дэлхийд хүртээмжтэй технологийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монголын залуус энэ чиглэлд өөрсдийн инновацыг бүтээж эхэлсэн нь томоохон ахиц гэж хэлж болно.


Дохионы хэлийг технологийн тусламжтайгаар төвөггүй ойлгоход ойртуулсан “оновчтой шийдэл”
Хамгийн их тулгамддаг бэрхшээл: Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй олон мянган иргэн амьдарч байгаа ч өдөр тутмын харилцаанд тулгардаг саад бэрхшээл цөөнгүй байдаг. Эмнэлэг, төрийн байгууллага, үйлчилгээний газар, тэр бүү хэл гэр бүлийн хүрээнд ч ойлголцлын асуудал үүсэх нь бий. Учир нь дохионы хэл мэддэг хүмүүсийн тоо харьцангуй цөөн байдаг.
Асуудлаас гарах оновчтой шийдэл үргэлж байдаг
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Pinecone Academy-ийн суралцагчид дохионы хэлийг автоматаар таньж, текст болгон хөрвүүлдэг харилцааны платформыг хөгжүүлжээ. Энэхүү технологи нь хэрэглэгчийн дохионы хөдөлгөөнийг таньж бичвэр болгон хөрвүүлэх бөгөөд ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд бусадтай илүү чөлөөтэй харилцах боломжтой болно. Мөн гэр бүл, найз нөхөд, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай ойлголцох үйл явцыг хялбарчилж байгаа нь төслийн гол давуу тал юм.
Дэлхий даяар дохионы хэл таних технологи хөгжиж байгаа ч монгол хэл болон монголын хэрэглэгчдэд тохирсон шийдэл харьцангуй цөөн байдаг. Тиймээс энэхүү төсөл нь зөвхөн технологийн шинэчлэл төдийгүй нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болж байна.


Технологийн хөгжил зөвхөн бизнесийн хэрэгсэл биш
Хиймэл оюун ухаан, программ хангамжийг олон хүн бизнес, ашиг орлого, автоматжуулалттай холбон ойлгодог. Гэвч Pinecone Academy-ийн залуусын хэрэгжүүлж буй төслүүд технологи хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүчирхэг хэрэгсэл болохыг харуулж байна.
Харааны онцлог хэрэгцээтэй иргэдийг аюулгүй зорчуулах Smart Sight апп, сонсголын бэрхшээлтэй иргэдийн харилцааг дэмжих дохионы хэлний платформ зэрэг төслүүд нь зөвхөн код бичих ажил биш. Харин хүний өдөр тутмын амьдралыг илүү хүртээмжтэй, аюулгүй, боломжид ойртуулах шийдлүүд юм.


Технологийн салбарт Монголын залуу инженерүүдийн ирээдүй өнгөтэй байна
Тус академийн их сургуулийн бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдсан сурагчид АНУ-ын Вашингтоны их сургууль, Карнеги Меллоны их сургууль зэрэг дэлхийн нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх авчээ. Түүнчлэн суралцагчдын нэг нь дэлхийн технологийн тэргүүлэгч компани болох Amazon-д цалинтай 400 дадлагажигчийн нэгээр шалгарсан байна. Энэ бол зөвхөн боловсролын амжилт бус, монгол залуус дэлхийн технологийн салбарт өрсөлдөх чадвартай болсны бодит жишээ юм.


Pinecone Academy-ийн Багш, Инженер Б.Наранцацралт: Монгол инженерүүд чадамжтай байвал дэлхийн топ компаниудыг эх орондоо урин дуудна
Б.Наранцацралт: “Олон улсын технологийн компаниуд Монголын зах зээлийг сонирхож эхэлж байгаа ч тэдний өмнө тулгардаг хамгийн том асуудал нь хүний нөөцийн хүртээмж байдаг. Хэдийгээр хууль эрх зүйн орчин чухал боловч тухайн компанийн үйл ажиллагааг авч явах чадварлаг инженерүүд хангалтгүй бол хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрэхэд хүндрэлтэй” байгаа тухай онцолсон юм.
Хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг шинэ шатанд гаргаж буй энэ үед улс орнууд зөвхөн технологи импортлогч биш, харин технологи бүтээгч болохын төлөө өрсөлдөж байна. Монгол Улс ч энэ өөрчлөлтийн гадна үлдэх боломжгүй. Харин бидэнд нэг том сорилт бий. Энэ бол ур чадвартай инженер, программ хангамжийн мэргэжилтнүүдийн хомсдол.
Энэ нөхцөл байдалд хариулт өгөхөөр зорьж буй байгууллагуудын нэг нь тус академи юм. Ирээдүйн технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Сургалтын гол зорилго нь зөвхөн код бичиж сургах бус, бодит бүтээгдэхүүн бүтээх чадвартай инженер төлөвшүүлэхэд чиглэдэг. Найман сар гаруй хугацаанд суралцсан залуус төгсөхдөө 10-15 хүртэлх төслийг дангаар болон багаар хэрэгжүүлсэн байдаг” гэв.


Сэтгүүлч миний олж харснаар тус академийн хаалгаар ороход л хийж бүтээх хүсэл ундарсан залуусын эрчимлэг агаар угтсан. Эдгээр төслүүдийн зарим нь сургалтын хүрээнээс давж, бодит бизнес болон хөгжих, зах зээлд нэвтрэх боломжтой бүтээгдэхүүн болж төлөвшиж эхэлсэнг олж харав.
Хамгийн сонирхолтой нь, анх удаа компьютер ашиглаж сурч байгаа хүн ч энэхүү сургалтын үр дүнд өөрийн гэсэн аппликейшн бүтээж, технологийн шийдэл боловсруулдаг хэмжээнд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч байсан хүн бүтээгч болж хувирдаг гэсэн үг.
Энэ бол зөвхөн нэг хүний карьерын өөрчлөлт биш. Харин Монгол Улсын ирээдүйн хөгжлийн тухай асуудал юм. Учир нь дэлхийн технологийн аваргууд шинэ зах зээлд орж ирэхдээ зөвхөн хэрэглэгчдийн тоог бус, тухайн улсын инженерийн чадавхыг хардаг болсон. Тиймээс өнөөдөр технологийн боловсрол эзэмшиж буй залуус маргаашийн ажлын байрыг хайх бус, харин шинэ ажлын байр бий болгох хүмүүс болж төлөвшиж байна. Төгсөгчдийн бүтээж буй аппликейшнүүд, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд үүний бодит жишээ болж байна.


Монгол Улс уул уурхайгаас гадна мэдлэг, инновацид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх тухай олон жил ярьсан. Харин энэ зорилго бодит ажил хэрэг болох эсэх нь шинэ үеийн инженерүүд хэр олноор төрөн гарахаас шалтгаалах юм. Тэрхүү ирээдүйг бүтээх залуус өнөөдөр сургалтын танхимд бус, харин нийгмийн асуудлыг шийдэх шинэ технологиудыг бүтээж эхэлжээ.




Дэлгэрэнгүй видео ярилцлага үзэх линк:








