
ОХУ-ын ихэнх мужууд бензин, түлшний асуудалтай тулаад байгаа тухай The Bell сайт онцлов
ОХУ-ын ихэнх мужууд бензин, түлшний асуудалтай тулаад байгаа тухай The Bell сайт онцолжээ. Тухайлбал, ОХУ-ын 53 муж, Оросын хяналтад байгаа Крымийн хойг, Луганск, Донецк, Херсон, Запорожье мужуудад автомашинуудад шатахууныг хязгаартайгаар олгож байгаа аж.
Зарим мужид нэг машинд дээд тал нь 50 л шатахуун олгож эхэлсэн бол 11 мужид шатахуун түгээх зарим станцууд шатахуун, түлш олгохгүй байгаа тухай The Bell сайтад бичжээ. “Верстка” сайтын мэдээлснээр ОХУ-ын газрын тос, байгалийн хийн “Роснефть” компани, тус компанийн охин компаниуд болох “Башнефть”, “ТНК” компаниудын шатахуун түгээх станцууд канистрт шатахуун олгохоо зогсоожээ.
Украины зэвсэгт хүчин сүүлийн саруудад ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, газрын тос, байгалийн хийн объектуудад үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлсэн билээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр өнгөрсөн 5-р сард Оросын газрын тос боловсруулах хамгийн том 10 үйлдвэрийн багадаа 8 нь, энэ сард 6 нь Украины цохилтод өртжээ.
Үүнээс болж ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэл сүүлийн 16 жилд байгаагүйгээрээ буурсан байна. Бензин, дизель түлшний үнэ ч дагаад нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 6-р сарын эхний 7 хоногт ОХУ-д бензиний үнэ 1 орчим хувиар, дизель түлшний үнэ 0.9 орчим хувиар өсөж, өнөөдөр АИ-95 шатахууны үнэ 70 рублийг, дизель түлшний үнэ 80 рублийг давжээ.
Нөгөө талаас ОХУ-ын газрын тосны экспорт сүүлийн нэг жилд түүхэн дээд хэмжээндээ хүрч, өдөрт дунджаар 3.83 сая баррель газрын тос экспортолж байна.








