
Амьдралыг хасахаас эхэлж, өнөөдөр хэнээс ч дутахааргүй амьдралаа цэцэглүүлсэн “777 Family tattoo studio”, “777 Family store”-ийн үүсгэн байгуулагч О.Анхбаяр болон түүний гэргий Б.Лхамцэцэг нарыг онцолж байна. Тэд гэр бүл болоод болон Б.Лхамцэцэг нар гэр бүл болоод 14 жил болж байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн аав, ээж билээ. Тэдэнтэй Монголын нөхцөлд бизнес эрхлэхэд ямар асуудал тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байгаа талаар ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд та хоёр хэрхэн гэр бүл болж байсан талаар ярилцлагаа эхлэх үү?
-О.Анхбаяр: Бид 17 настай аав, ээж болж байсан. Хүүхдийнхээ мөнгийг өөрсдийнхөө хүүхдийн мөнгөтэй хамт авдаг байсан болохоор үнэхээр дурсамжтай санагддаг. Тухайн үед банкны теллер нь хүртэл гайхдаг байсан. Хүмүүс гэр бүл болохдоо хоёр авдар, ортойгоо нийлсэн гээд ярьдаг. Гэтэл бидэнд нийлэх ор ч байгаагүй. Ердөө 17 настай хүүхдүүд байхдаа нийлсэн. Хасахаас эхэлсэн амьдралаа босгохын тулд хийх боломжтой бүх ажлыг гололгүй хийдэг байлаа.
-Ер нь хэдээс хэдэн цагийн хооронд долоон хоногт хэдэн өдөр нь ажилладаг вэ?
Б.Лхамцэцэг: Хуруу дардаг ажил бол тогтсон цагтай буюу очих, явах цаг нь тодорхой байдаг. Харин хувиараа бизнес эрхлэгчдэд тийм зүйл байдаггүй. Өөрсдийнхөө төлөө хийж байгаа учраас унтах, хоол идэх цагаа өөрсдөө тааруулж цаг наргүй зүтгэдэг. Мэдээж арай илүү хөдөлмөрлөвөл бидний амьдрал сайжирчих юм шиг байдаг учраас чөлөөт цагаа умартан ажилладаг. “Залуудаа урсаагүй хөлс, өтөл насанд нулимс болно” гээд үг байдаг даа. Яг энэ үг шиг бид одоо л хөдөлмөрлөж чадахгүй бол хөгширсөн хойно нэлээд хэцүү болно. Тийм учраас сайн хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Гэвч шаргуу хөдөлмөрлөж байх явцад саад бэрхшээл чамгүй олон тохиолдоно. Бидэнд заримдаа ингэж байхаар гаднын улс руу явах уу гэж ярилцах үе ч бишгүйтэй гарна. Гэхдээ хүний улсад зовж амьдарснаас өөрийн улсдаа жаргаж амьдрахыг илүүд үздэг.

-Эх орондоо сайхан амьдрахыг хүсдэг хүн олон ч зээлгүй хүн ховор байх шиг ээ?
О.Анхбаяр: Тэгэлгүй яах вэ монголдоо сайхан амьдрахыг хүсдэг залуус олон байдаг. Яагаад заавал монголдоо сайхан амьдарч болохгүй юм. “Аав, ээж, төрөл садан, гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа төрж, өссөн нутагтаа байж болохгүй гэж үү” гээд 2-3 ажил хамаагүй хийхийг нь хийгээд, амрахгүй үедээ амрахгүй явж л байна. Үнэндээ “Саятны гэрт төрөөгүй ч” гээд дуу байдаг шиг хасахаас эхэлсэн болохоор суурь хөрөнгө муутай. Тийм хүмүүс зээлээр л бизнесээ эхлүүлж, өргөжүүлж байгаа юм. Зээлийн циклд орчихдог юм билээ. Угаасаа эхлүүлсэн, зорьсон учраас даваад гарна даа. Үүнийг давчихвал илүү гоё болно гээд зүтгэж байна даа.
-Та хоёр нийт хэдэн төгрөгийн зээлтэй вэ. Хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл авч байв?
–Б.Лхамцэцэг: Хамгийн ихдээ нэг газраас 240 сая төгрөгийн зээл авч байсан. Үүгээр зогсохгүй хэд хэдэн газраас зээл авсан л даа. Ерөнхийдөө одоо 500 орчим сая төгрөгийн зээлтэй. Заримдаа сардаа бид 30-50 сая төгрөгийн зээл төлөх тохиолдол байдаг болохоор шантрах үе ч байна. Тэр үед “Мөнгөтэй хамаатантай байсан ч болоосой” гэж бодох шиг. Гэхдээ мэдээж тийм зүйл байхгүйгээс хойш нэгэндээ “Угаасаа бидэнд мөнгөтэй аав,
ээж, хамаатан байхгүй юм чинь хоёулаа тийм больё. Мөнгөтэй аав, ээж, хамаатан нь л болцгооё. Энэ хүүхдүүдэд өөрсдийнхөө мэдэрсэн өрийн дарамтыг мэдрүүлэхгүй бизнес хийлгэнэ шүү” гэж байнга хоорондоо ярьдаг.
О.Анхбаяр: Суурь хөрөнгийг нь босгож өгөх хүсэлтэй. Залуусын мөрөөдөл байр, машин болсон нь үнэн. Бид ч мөн тэр жишгээр явж байгаа. Олон цагаар хөдөлмөрлөөд байгаа ч нэр дээрээ эзэмшсэн зүйлгүй байна. Тэгэхээр хүүхдүүддээ ядаж төрөхдөө орох оронтой буюу байртай байлгавал өөр гоё амьдрал руу явах ёстой.


-Нууц биш бол цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү. Үеийн залуустаа хандан урмын үе хэлж болох уу?
О.Анхбаяр: Бид өөрсдийн эзэнт гүрэн маягийн объекттой болохыг хүсдэг. Түүндээ гэр бүлээрээ амьдардаг, хөдөлмөрөө эрхэлдэг баймаар байна. Хасахаас эхэлсэн өөрсдийгөө бодоход том гэгээтэй мөрөөддөг дөө. Түүнийхээ төлөө шантрахгүй, урваж шарвахгүй зүтгэсээр байхад залуус амжилтад хүрнэ дээ.
Б.Лхамцэцэг: Монголд дөрвөн хүүхэдтэй амьдарна гэдэг нэлээд төсөв өндөртэй учир зарим хэрэглээгээ танана. Гэхдээ манай гэр бүлийн хувьд бүгдийг нь таная гэж боддоггүй. Нэг л амьдрах байж яагаад хүүхдүүдээ тарчигхан амьдруулахыг хүснэ гэж. Өөлөөд байвал аливаа бүхэн хэцүү. Гарч ирж байгаа асуудал бүрийг дараагийн гүүрний тань шат гэж бодоод хичээгээд байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.








Г.ХЭРЛЭН








