
Бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон Норвегийн угсаа залгамжлах гүнжийн хүүд 4 жилийн хорих ял оноожээ
Осло хотын дүүргийн шүүх Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Маритын хүү, 29 настай Мариус Борг Хёйбид 4 жилийн хорих ял оноожээ. Мариус Борг Хёйбиг бусдын биед халдаж, гэмтэл учруулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэргээр өнгөрсөн 2-р сард баривчилж, яллагдагчаар татсан билээ.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт болсон шүүх хурлаар шүүгч Мариус Борг Хёйбиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хоёр удаагийн гэмт хэрэг, хуучин найз бүсгүй Нора Хаукландад гар хүрч, хэл амаар доромжилсон хэрэгт буруутай гэсэн шийдвэрт хүрч, түүнд 4 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурлын явцад прокурор Мариус Борг Хёйбигийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хэрэг гарах үед унтаж эсвэл биеэ удирдах чадваргүй байсныг, 2022 оны зунаас 2023 оны намар хүртэлх хугацаанд Мариус Борг Хёйби Нора Хаукландын эсрэг нэг бус удаа хүч хэрэглэсэн зэргийг тус бүр онцолжээ.
Мариус Борг Хёйби зөвхөн хуучин найз бүсгүйдээ гар хүрсэн хэргээ л хүлээсэн аж. Прокурорын зүгээс Мариус Борг Хёйбид 7 жил 7 сарын хорих ял оноохыг хүссэн ч шүүгч Мариус Борг Хёйбигийн холбогдсон 4 удаагийн бэлгийн хүчирхийллийн хэргийн хоёрыг нь хэрэгсэхгүй болгосноор, 4 жилийн хорих ял дээр тогтжээ.
Мариус Борг Хёйби нь гүнж Метте-Маритын өмнөх харилцаанаас төрсөн хүүхэд бөгөөд Метте-Марит угсаа залгамжлах хунтайж Хоконтой гэрлэх үед Мариус Борг Хёйби 4 настай байжээ.








