
Швейцарын барууны үзлийн Швейцарын Ардын нам цагаачдын урсгалыг бууруулах, орон сууцны хүртээмжгүй байдал, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ачаалал, байгаль орчинтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд 2050 оноос хүн амынхаа тоог 10 саяаас хэтрүүлэхгүй барих, хүн амын тоо 9.5 сая хүрсэн тохиолдолд Швейцарын засгийн газар хүн амын тоог барихын тулд зохих арга хэмжээ авч эхлэх тухай хуулийн төсөл санаачилжээ.
Үүнтэй холбоотойгоор энэ ням гарагт швейцарчууд бүх нийтийн санал асуулгад оролцож, дээрх санаачилгыг дэмжих эсэхээр саналаа өгөх аж.
Швейцарын засгийн газар болон улс төрийн бусад намууд, бизнес эрхлэгчид, үйлдвэрчний эвлэлүүд дээрх хуулийн төслийг эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагууд, зочид буудлуудыг хүний нөөцийн хомсдолд оруулах мөн Европын холбоотой тогтоосон харилцаанд сөргөөр нөлөөлөх сөрөг талуудтай хэмээн буруушааж байгаа бол нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж, орон сууцны болон эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өссөн явдалд цагаачид тодорхой нөлөө үзүүлсэн гэж зарим иргэд үзэж байгаа аж.
Швейцарын Ардын намын санаачилсан хуулийн төсөлд цагаачдын тоог хязгаарлах, цагаачдын гэр бүлийнхэнд виз олгох явдлыг зогсоох арга хэмжээнүүдийг тусгажээ.
2002 онд 7.3 сая байсан Швейцарын хүн ам өнөөдөр 9.1 сая болж өсөөд байгаа ба хүн амынх нь 27 хувийг гадаадын оршин суугчид эзэлж байгаа аж.
Эх сурвалж: BBC








