
Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх болох Мексик улсын нийслэл Мехико хотын “Azteca” цэнгэлдэхэд 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө.
АНУ, Канад, Мексик гэсэн 3 улсын 16 хотод зохион байгуулагдах ДАШТ өмнө нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулж байсан туршлагатай Мехико хотоос эхэлж байна.
Мексик улсын хөлбөмбөгийн шигшээ багийн Өмнөд Африкийн шигшээ багтай хийх хэсгийн тоглолтын өмнө болсон ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа нь Мексикийн уугуул ацтек үндэстний онцлог, соёлыг харуулсан дуу бүжиг, олны танил оддын үзүүлбэрүүдийг шингээсэн байв.
Венесуэлийн дуучин Дэнни Оушн, Мексикийн поп одод болох Belinda ба Los Angeles Azules, Мексикийн рок хамтлаг Mana, Колумбийн дуучин J Balvin, реппер Райан Кастро нар ая дуугаа хүргэсний дараа, Колумбийн дуучин Шакира, Нигерийн реппер Burna Boy-н хамтаар энэ удаагийн ДАШТ-ний албан ёсны дуу болох “Dai Dai” дуугаа дуулснаар цэнгэлдэхэд цугласан олны баяр хөөр дээд цэгт хүрэв.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий элч, Мексикийн алдарт жүжигчин Сальма Хайек Пиногийн мэндчилгээний дараа Италийн дуурийн алдарт дуучин Андреа Бочелли, “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киногоор алдаршсан БНСУ-ын дуучин Ejae нар хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны сүлд “DNA” дууг дуулах үеэр “Ацтека” цэнгэлдэхэд ДАШТ-д оролцож буй 48 улсын төрийн далбааг оруулж ирсэн байна.
Үүний дараа Мексик болон Өмнөд Африкийн төрийн дууллууд эгшиглэж, Мексикийн төрийн далбаанд ордог улаан ба ногоон өнгийн утаат салют буудсанаар ДАШТ албан ёсоор эхлэв.
Энэ удаагийн ДАШТ нь хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн өндөр зардалтай тэмцээн болж байгаагаараа мөн анх удаа 48 улсын баг оролцож байгаагаараа онцгой болж байгаа юм.
ДАШТ-ий хүрээнд Хойд Америкийн 3 улсын 16 хотод нийт 104 тоглолт болох ба сүүлийн финалын тоглолт Америкийн Нью Жерси мужийн MetLife цэнгэлдэхэд ирэх сарын 19-нд болох юм.
2026 оны ДАШТ-ий эхний тоглолт Мексик улсын хөлбөмбөгийн шигшээ баг болон Өмнөд Африкийн шигшээ багийн хооронд болж, 2:0 харьцаатайгаар Мексикийн шигшээ баг хожжээ. Түүнээс гадна энэ тоглолтод Мексикийн шигшээ багийн нэг, Өмнөд Африкийн шигшээ багийн хоёр тоглогч улаан карт авсан байна.








