
Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөх тусам сурагчдын айдас, түгшүүр нэмэгдэж, сэтгэл санааны хувьд хямрах тохиолдол бишгүй гардаг. Шалгалтын үеэр сандралаасаа болж мэддэг асуултдаа буруу хариулах, цаг харах, харандаа үзүүрлэх зэрэгт хугацаа алдах гэх мэт асуудал тулгамддаг.
Сэтгэл санаа, айдас түгшилтээр өөрийн боломжийг алдаж болохгүй тайван байх нь чухал. Хамгийн чухал нь үлдсэн хоногууддаа бэлтгэлээ хамгийн сайнаараа хангаж чадвал амжилт, 800 оноо чиний гарт гэдгийг баталсан, одоо МУИС-ийн II түвшний оюутан Б.Энхсувдтай ярилцлаа.
Тэрбээр 2024 оны ЭЕШ-д Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авч чадсан туршлагаасаа хуваалцлаа.
Би сургуулийн сорилтонд дандаа сайн авдаг хүүхэд байгаагүй
Ямар хичээлүүдээр шалгалт өгч, аль хичээлээр 800 оноо авсан бэ?
- Миний хувьд математик, нийгэм гэх хоёр хичээл мэргэжлийн маань гол хичээл байсан учир сонгож өгсөн. Нийгмийн ухааны хичээл дээр 800 оноо авсан. Одоо МУИС-ийн эрх зүйн II түвшинд суралцдаг.
Элсэлтийн шалгалтад бэлдэх үед сэтгэл санаанд нь тулгардаг хамгийн хэцүү зүйл юу байв?
- Элсэлтийн шалгалтаас өмнө сорилууд авдаг. Тухайн сорилд тааруу оноо авах үедээ, элсэлтийн шалгалтад бас сайн оноо авахгүй байх гэсэн сэтгэл түгшилт байсан. Шалгалтад ороод сандраад мэддэг зүйлээ мартахаас айсан.
Яг шалгалтдаа орсон үед төрсөн мэдрэмж ямар байв?
- Шалгалтад орохоос өмнө сэтгэл санаа, шалгалтын бэлтгэлийг маш сайн хийсэн. Ороод сандрал байгаагүй өөрийн мэдэх зүйлээ тултал сайн хийгээд гарч ирсэн. Өөрийгөө бэлдчихсэн байсан учраас өдөр бүр болдог зүйл шиг хүлээж авсан. Хүүхдүүд шоглоомоо буруу будах, цагтаа амжихгүй гэхээс шалтгаалаад их алддаг.
Эцэг эхийн зүгээс мэргэжил сонголтод ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?
- Тийм зүйл байгаагүй намайг сайн дэмждэг. Бэлдэж байх үед өрөөнд маань тухтай, чимээгүй байлгаж өгдөг. Багш маань ийм мэргэжилтэй болохыг зорьж байвал олон хичээлээр өгөх хэрэггүй хэрэгтэй хичээлдээ л төвлөр гэж зөвлөдөг байсан.
Элсэлтийн шалгалтад бэлдэх үед зөвхөн шалгалтаа л бодох нь чухал
Цагийн хуваариа хэрхэн зохицуулдаг байв? Хажуугаар нь дугуйланд хамрагддаг байсан уу?
- Элсэлтийн шалгалтад бэлдэх хугацаандаа зөвхөн шалгалтаа бодох нь чухал, миний хувьд давхар дугуйланд яваагүй, хэрвээ явдаг бол зогсоох хэрэгтэй. Олон хичээлд бүртгүүлсэн ч өгөхгүй байж болох учраас 2,3 хичээл, тэрнээс илүүгүй байвал зүгээр.
Аль нэг хичээлд нь илүү их анхаарч, төвлөрөх нь чухал. Шалгалтад зориулж бүрэн бэлтгэгдэх хэрэгтэй. Тухайн шалгалт 11 ээс бол өдөр бүр 11 цагт шалгалт өгч байгаа мэт бэлдэх нь чухал.
Өөрийн шалгалт өгөх сургуультайгаа танилцаад, хаанаас нар тусахыг хүртэл харах, хувцсаа өмсөж, цагаа зүүгээд, утас байхгүйгээр, цаг дуустал шоглоомоо будаад яг шалгалт өгч байгаа мэт зохиомол орчин бүрдүүлэх нь зөв. Хийж дууссан бол юун дээр илүү алдаж байгаагаа сайжруул нь гэсэн үг.

Би сургуулийн шалгалтад нэгт ордог хүүхэд байгаагүй 3, 4-т ордог харин сайн хийдэг байсан хүүхдүүд цагаасаа болоод сандраад алддаг. 14 хоног үлдсэн учир мэдлэгийг одоо олж авах цаг хугацаа өнгөрсөн, үлдсэн хугацаандаа сэтгэл санаа, алдаа дутагдал дээрээ анхаарах нь зүйтэй.
Шалгалтдаа хэдэн сарын хугацаанд бэлдэв?
- Миний хувьд эртнээс бэлдээгүй. Хавраас яг эрчимтэй бэлдээд 2 сарын өмнөөс өөрийгөө шалгалтын нөхцөл байдалд зориулж бэлдсэн.
Мэдэхгүй байсан ч зөв бөглөж чадна гэх итгэлээр орох хэрэгтэй
Шалгалтын цагтаа чи амжсан уу? Эсвэл амжихгүй үе байсан уу?
- 80 минутын хугацаанд бүх юм аа хийгээд яг таардаг байсан. Бэлдэх хугацаандаа яг 80 минут, цаг илүү гарвал ашиглаад алдаагаа хянадаг, амжихгүй бол илүү хурдлуулах нь чухал юм байна гээд өөрийгөө илүү хурдлуулдаг байсан. 80 минутыг эхний 10 минутад материалаа гүйлгэж хараад мэддэг асуулт гарч ирвэл хөөрч баярлаж, эсвэл мэдэхгүй зүйл байлаа гээд сандарч болохгүй. Мэдэхгүй байсан ч зөв бөглөж чадна гэх итгэлээр орох хэрэгтэй. 20 минутад мэддэг бүх асуултаа хийгээд шоглоомдоо сайн нягталж хараад бөглөнө.
Дараагийн 10 минутад үлдсэн асуултын 4-5 хариултын баттай биш гэсэн хариултыг хасаж, байх магадлалтай хариултаасаа сонговол онох магадлал өндөр. Үүнийгээ 15 минут нягталж будаад, 10 минутад алдсан зүйл байгаа эсэхийг шалгана. Бүх шоглоомыг будаад дууссан ч нүдийг нь зөрүүлж будах, илүү гаргасан тохиолдол байдаг. Будалтад 30, шалгалтад 30, нягтлахад 20 минут байх хэрэгтэй.
Шалгалтын өмнө хар шоколад идэх нь зөв үү?
- Би ер нь иддэг байсан. Тайвшруулж, анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг. Бэлдэж байх хугацаандаа бага хэмжээгээр иддэг, орохынхоо өмнө идээд орсон. 14 хоногийн хугацаанд идэхэд болно хх. Чихэрлэг хоол хүнс хүнийг сандраадаг, сэргэхийн тулд амттай юм идмээр санагддаг тэр бол дэмий зүйл сахаргүйг идвэл зүгээр хар шоколадыг тустай гэж бодож байна.
Элсэлтийн шалгалт бүх зүйл биш, заавал 800 оноо авах шаардлагагүй хамгийн сайнаараа өгөөд хүссэн сургуулиа авах нь чухал
Шалгалт дөхсөн ч мэргэжилээ сонгож чадаагүй хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
- Би мэргэжлээ сонгоод орж байсан. Миний хувьд нийгэм математик хоёроор өгөхөд би 700 гаруй мэргэжлээс сонгох боломжтой байсан. МУИС-ийн хувьд зарим ангийг солихыг хүлээн зөвшөөрдөг чиглэлээ зөв тодорхойлоод орох нь чухал. Түүнд санаа зовох хэрэггүй. Шалгалтаа сайн өгөх нь чухал.
Элсэлтийн шалгалтаа бэлдэж байгаа дүү нартаа хандаж хэлэх үг юу байна?
- Дүү нар маань их сандарч байгаа байх гэхдээ элсэлтийн шалгалт бүх зүйл биш, заавал 800 оноо авах шаардлагагүй хамгийн сайнаараа өгөөд хүссэн сургуулиа авах нь чухал. 14 хоногийн хугацаанд үндсэн мэдлэгээ сайжруулах хэцүү гэхдээ шалгалтдаа илүү сайн оноо авахын тулд сэтгэл санаа, алдаагаа хянаснаар илүү сайн оноо авах бүрэн боломжтой. Шалгалтын өдрөө идэх хоол нь шөлтэй, мах, өндөг, ногоо орсон хоол идэх нь зөв.
Өмнө орой нь 8 цагийн нойроо авч, шалгалтын өдөр битгий бэлдээрэй гэж багш нар хэлдэг ч би бэлдсэн. Өөрийн сэтгэл санаа, биеэ эрүүл байлгаж, тайван, энгийнээр орох нь зүйтэй. Би тухайн ангидаа 30 минутын өмнө ороод сандал ширээ, хажуугийн хүүхэд, орчиндоо дасахад бэлдсэн. Бугуйн цаг зүүвэл сайн ангид байдаг цаг руу харж цаг хугацаа алдаад байдаг.
Би 5 харандаа үзүүрлээд орсон энэ нь харандаа үзүүрлэхэд цаг алдахгүй, өмнө нь хэрэглэж байсан харандаа, баллуур хэрэглэвэл янз бүрийн асуудал гарахгүй. Шоглоомтой ажиллаж сурах хэрэгтэй, нүхэнд тааруулж илүү гаргахгүй, цаас цоолохгүй, бүдэг биш будаж сурдаг. Шалгалт өгөх дүү нартаа бүгдэд нь амжилт хүсье.
Цаг гарган ярилцсанд баярлалаа
Т.Шижир








