
Хятадын Шанхай хотын эргээс 10 км зайд, 10 м гүнд дэлхийн анхны салхины эрчим хүчээр ажилладаг усан доорх дата төв ажиллаж эхэлжээ.
Shanghai Lingang далай доорх дата төвийн төсөл нь HiCloud Technology болон төрийн өмчит China Communications Constructions компаниудын хамтын төсөл бөгөөд нийт 24 МВт хүчин чадалтай аж.
Уг дата төв нь Шанхай хотын ойролцоо байрлах салхины эрчим хүчний станцаас эрчим хүчээ авдаг ба хуурай газар дээрх дата төвүүдтэй харьцуулахад 20 гаруй хувиар бага цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна.
Хуурай газар дээрх дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 25-40 хувь нь серверүүдийг хэт халахаас сэргийлсэн хөргөх системүүдийг ажиллуулахад зарцуулагддаг бол Shanghai Lingang төслийн дата төвийн серверүүдийг далайн ус хөргөж байгаа тул уг дата төв нь харьцангуй бага цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна.
Хиймэл оюун ухааны хөгжлийн гол багана нуруу болоод буй уламжлалт дата төвүүд нь их хэмжээний ус хэрэглэдэг бол дата төвүүдийг далайн усан доор байршуулах нь усны хэрэглээг нь бууруулах сайн талтай аж.
НҮБ-ын их сургуулийн дэргэдэх Ус, Байгаль орчин болон Эрүүл мэндийн институт 2030 он гэхэд дата төвүүдийн усны хэрэглээ 9.3 тонн хүрнэ гэж тооцоолоод байгаа ба энэ нь Африкийн 1.3 тэрбум хүний нэг жилийн усны дундаж хэрэглээтэй тэнцэх аж.
HiCloud компани анх 2023 онд Хайнанд усан доорх анхны дата төвийг байгуулж байсан ба Хятад улс салхины эрчим хүчээр ажилладаг анхны усан доорх дата төвийг байгуулжээ
Shanghai Lingang дата төв нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг анхны дата төв бөгөөд уг дата төв нь Шанхай хотын зүүн зүгийн Линган чөлөөт худалдааны бүсээс харагдах аж.
Сүүлийн жилүүдэд Бээжин хиймэл оюун ухааны салбарыг дэмжих бодлого баримталж, дата төвүүд байгуулах ажлаа эрчимжүүлж, тэдгээр дата төвүүдийг ногоон эрчим хүчээр хангах хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавиад байгаа юм.
Shanghai Lingang төсөл нь 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар босжээ.
Эх сурвалж: The Guardian








