
Баяр ёслолын үеэр, тэр дундаа шинэ жил, цагаан сар, мартын 8 зэрэг онцгой өдрүүдийн өмнө эмэгтэйчүүд богино хугацаанд жингээ огцом хасахыг эрмэлзэх нь түгээмэл. Гэвч энэ хүсэл нь ихэвчлэн хатуу дэглэм, төрөл бүрийн бэлдмэл хэрэглэхэд хүргэж, улмаар эрүүл мэндээ эрсдэлд оруулах шалтгаан болдог.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар сардаа хамгийн ихдээ 4 кг жин хасах нь эрүүл жин бууралтад тооцогддог. Үүнээс давсан огцом өөрчлөлт нь бие махбодод сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна.
Хамгийн түрүүнд бодисын солилцооны хямрал үүсдэг. Үүнээс шалтгаалан хоол боловсруулах үйл ажиллагаа удааширч, өтгөн хатах, шим тэжээлийг бүрэн задлан шингээх чадвар буурдаг. Ингэснээр бие өөхийг илүү ихээр нөөцөлж эхэлдэг бөгөөд дааврын тэнцвэр алдагдах эрсдэл нэмэгдэнэ. Мөн дархлаа сулрахын хэрээр төрөл бүрийн өвчлөлд өртөмтгий болж, үс унах, хумс хэврэгших, шүд муудах зэрэг гадаад шинж тэмдгүүд илэрдэг.
Фитнесийн багш, дасгалжуулагч А.Хатанболд “Хүмүүс илүүдэл жинг асуудал гэж үздэг. Гэтэл жинг нэмэгдүүлж буй амьдралын буруу хэв маяг, зуршил нь жинхэнэ асуудал байдаг.” гэлээ.
Түүний хэлснээр олон хүн буруу зуршлаа өөрчлөхгүйгээр зөвхөн үр дагавартай нь тэмцэхийг оролддог. Үүнийг тэрбээр “Цоорсон савнаас асгарсан усыг арчихын оронд эхлээд нүхийг нь бөглөх хэрэгтэй.” хэмээн зүйрлэсэн юм.
Богино хугацаанд жингээ огцом хассан ч буруу хэв маягтаа эргэн орсноор жин буцаад нэмэгдэх нь элбэг.
Сүүлийн үед жин хурдан хасах үйлчилгээтэй гэх төрөл бүрийн бэлдмэл, бүтээгдэхүүн нэмэгдэж, хэрэглэгчдийн “худан турна” гэсэн хүсэл дээр тулгуурлан сурталчилгаа хийх болсон. Эдгээр нь ихэвчлэн бие дэх шингэнийг гадагшлуулах, хоолны дуршлыг бууруулах замаар жинг бууруулдаг ч хэрэглэхээ болиход жин буцаан нэмэгдэх эрсдэлтэй. Үүнээс гадна урт хугацаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Нөгөө талаар, зарим фитнес төвүүд “Хамгийн их жин хассан хүн”-ийг шагнаж урамшуулах, цахим орчинд “Хэн нь богино хугацаанд илүү их турсан бэ” гэсэн уралдаан өрнөх болсон нь эрүүл мэндийн талаас буруу хандлага юм. Ийм өрсөлдөөнд жинхэнэ утгаараа ялагч гэж байхгүй.
Мөн хүмүүс “Өнөөдөр өөрийгөө шахаж дасгал хийнэ.” гэж хэт ачаалал авах нь их болсон. Гэвч ийм арга нь удаан үргэлжлэхгүй, удалгүй шантарч орхихоос гадна бэртэл авах эрсдэл дагуулдаг. Харин дасгалыг тохируулан, тогтмол хийх нь бие махбод болон сэтгэл зүйд хамгийн эерэг нөлөө үзүүлдэг.
Иймд жингээ хасахаар төлөвлөж буй хүн бүр эхлээд жин нэмэхэд нөлөөлсөн шалтгаанаа тодорхойлж, дараа нь өөрт тохирсон шийдлийг хайх нь зүйтэй. Яаралгүй, бага багаар эхэлж, хамгийн гол нь тогтмол байх нь чухал. Учир нь дасгал хөдөлгөөн бол хүний амьдралд ус, хоол, агаар шиг тасралтгүй хэрэгцээтэй зүйл юм.








