
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Ж.Батжаргал тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл өглөө.
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал: “Өнөөдрийн Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар авч хэлэлцэж үзэл баримтлалын хувьд дэмжиж хэлэлцүүлгийн түвшинд сайжруулах дээр санал нэгдсэн талаар өмнөх бүлгийн хурал дээр мэдэгдэж байсан бол тодорхой төрлийн ашигт малтмал дээр АМНАТ-ын талаар тодорхой санал гарч байсан тул бүлгийн хурал дээр хууль санаачлагч талаас мэдээлэл сонсож ямар байр суурь дээр тогтох вэ гэдгээ тодорхойлохоор боллоо.
Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих ёстой харин зэсийн АМНАТ-ыг стратегийн ач холбогдол бүхий зарим орд газарт гэрээ хийх гэж буйтай холбогдуулан хөндөхгүй байхаар тогтлоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Ардын намын бүлэг, намын удирдах зөвлөл хамтарсан уулзалтыг зохион байгуулж тэтгэвэр, тэтгэмжийн шинэчлэлийн асуудлыг боловсруулж бүлгийн хуралдаанд танилцуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өнөөдрийн хуралдаанд тэтгэвэр, тэтгэмжийн асуудал яригдаагүй болно” гэлээ.








