
Монголын эдийн засгийн статистик өөдрөг харагдаж байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр 2026 оны эхний саруудад Монгол Улсын экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 65 хувиар өсжээ.
Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж байгаагийн илрэл. Гэвч нөгөө талд махны үнэ өссөн. Хүнсний бараа үнэтэй болсон. Цалин хүрэлцэхгүй л байна.
Монгол Улсын экспортын дийлэнх хэсгийг нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг.
Экспорт өсөхөд улсын төсвийн орлого нэмэгддэг. Валютын урсгал сайжирдаг. Гэхдээ энэ өсөлт автоматаар өрх бүрийн орлогод хүрдэггүй ч алсуураа бидний хэтэвчинд мэдрэгдэх учиртай.
Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляц эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг “идэж” байна.
2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын жилийн инфляц 10.1 хувьд хүрсэн байна. Харин хүнсний инфляц 19.7 хувь болж өсжээ.
Энэ бол иргэдийн цалин өссөн байсан ч худалдан авах чадвар буурч байгааг харуулж байна.
Тухайлбал:
– Нэг сая төгрөгийн цалинтай хүн өмнө нь авч чаддаг байсан бараагаа өнөөдөр илүү өндөр үнээр авч байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт инфляцаас хавьгүй хурдан өсөж байна.
Махны үнэ өнөөгийн эдийн засгийн бодит хэмжүүр боллоо.
Тоо харвал, Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн дүн шинжилгээнд дурдсанаар мах болон махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн нь инфляцыг хөөрөгдөж буй гол хүчин зүйл болж байна.
ДНБ, экспорт, төсвийн орлогоор эдийн засгийг хэмждэг.
Харин иргэдийн хувьд эдийн засгийн гол үзүүлэлт нь:
– Нэг килограмм үхрийн мах хэд болсон бэ?
– Сарын цалин хэд хоног хүрч байна вэ?
– Хүүхдийнхээ хэрэгцээг хангаж чадаж байна уу?
гэдгээр хэмжигддэг.
Тиймээс статистик өсөлт болон иргэдийн мэдэрч буй эдийн засгийн байдал хоёр зөрж байна.
Монгол Улсын өмнө тулгарч буй гол асуудал нь эдийн засгийн өсөлт биш. Харин өсөлтийн үр өгөөжийг хэрхэн түгээх вэ гэсэн асуудал юм.
Уул уурхайн орлого өссөн ч жижиг, дунд бизнесүүд өсөхгүй, зарим нь хаалгаа барьж, ажлын байрууд үгүй болж, цалин хөлс нэмэгдэхгүй хүнсний үнийн өсөлтөд дарлуулж амьдарсаар байна.
2026 онд Монгол Улсын экспорт өсөж буй тоо гарлаа. Төсвийн орлого ч нэмэгдэж байна. Гэвч инфляц, тэр дундаа хүнсний үнийн өсөлт та бидний амьдралд дарамт үзүүлсээр байна.
Тиймээс өнөөдрийн хамгийн чухал асуулт бол “эдийн засаг өсөж байна уу” гэдэг биш харин “энэ өсөлтийг иргэд хэзээ мэдрэх вэ” гэдэг асуулт байсаар байна.








