
ОХУ-ын Украинтай хиллэдэг мужууд болон Крымийн хойг зэрэг бүс нутгуудад үүссэн бензин болон дизель түлшний хомсдолын асуудал өнөөдөр ОХУ-ын 10 муж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Луганскийн Бүгд Найрамдах Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Крымийн хойг, Москва болон Санкт-Петербург зэрэг Оросын томоохон хотуудад тулгарчээ.
Msk1.ru, “Осторожно, Москва” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Москва мужид үйл ажиллагаа явуулдаг ОРТК шатахуун түгээх станцууд нэг машинд олгох бензин болон дизель түлшнийхээ хэмжээнд хязгаарлалт тогтоож, нэг машинд дээд тал нь 60 литр бензин, 100 литр дизель түлш олгож эхэлсэн байна.
“Роснефть”, “Татнефть” компаниуд шатахуун түгээх станцууд нь бензин, түлшийг ямар нэг хязгаарлалтгүй олгож байгаа гэж мэдэгдсэн бол “Лукойл” компанийн ШТС-ууд нэг машинд дээд тал нь 100 л бензин олгож байгаа гэжээ. “Газпром” компанийн Москва хот болон Москва мужид үйл ажиллагаа явуулж буй ШТС-ууд нь бензин болон дизель түлшийг нэг машинд дээд тал нь 100-150 л өгч эхэлсэн байна.
«Фонтанка» сайтад бичсэнээр Санкт-Петербург хотын зарим ШТС-ууд 5-р сарын сүүлээс эхлэн бензинийг хязгаартайгаар олгож эхэлжээ.
Өнгөрсөн мягмар гарагт “Meduza” сайт ОХУ-ын Белгород болон Курск мужуудад бензин болон дизель түлшийг хязгаартайгаар өгч эхэлсэн тухай мөн “Роснефть” компанийн ШТС-ууд АИ-92 бензинийг канистрт хийж өгөхөө больсон тухай мэдээлсэн билээ.
Түүнээс гадна тус улсад бензин ба дизель түлшний үнэ нэмэгдэж буй асуудал мөн хурцаар яригдаж эхлээд байна. ОХУ-ын иргэн Монголоос литрийг нь 55 рублиэр авсан ОХУ-ын импортын бензин нь ОХУ-д литр нь 64.5 рубль байсан тухай ярьж, ОХУ бусад улс орнуудад шатахуунаа хямдаар экспортолж, харин иргэддээ үнэтэй зардгийг нь хэрхэн ойлгох вэ гэсэн агуулгатай рийл хийж, нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байна.
5-р сарын сүүлээс ОХУ-ын зарим бүс нутгуудад АИ-92 бензиний үнэ дунджаар 24 копейкоор нэмэгдэж литр нь 64.67 рубль, дизель түлшний үнэ 35 копейкоор нэмэгдэж, литр нь 71.46 рубль болжээ.
ОХУ-ын эрчим хүчний салбарт үүсээд буй уг хямралын гол шалтгаан нь 2024 оноос Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, шатахуун түлшний болон эрчим хүчний дэд бүтцүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлж, 2026 оны хавраас ОХУ-ын эрчим хүчний экспортын болон логистикийн дэд бүтцүүд тэр дундаа боомт, терминалууд, газрын тосны агуулахуудад голчлон цохилт үзүүлж эхэлсэн явдал хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.
BBC агентлагийн тооцоолсноор 2026 оны эхний 5 сард Киев Оросын газрын тосны дэд бүтцүүдэд нийт 72 удаагийн цохилт үзүүлжээ. Reuters агентлагийн мэдээлснээр ОХУ-ын төвийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны томоохон үйлдвэрүүд Украины дроны цохилтуудаас болж 5-р сарын дундуур бүгд үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Тэдгээр үйлдвэрүүд нь ОХУ-ын нийт бензиний 30 гаруй хувь, дизель түлшний 25 хувийг үйлдвэрлэдэг аж.
ОХУ-ын Статистикийн төв хорооны мэдээлснээр 2026 оны 4-р сард ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар, 2026 оны 3-р сарынхаас 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж: BBC








