
Төв аймгийн Заамар суманд гурван настай охин уурхайн нүхэнд унасан харамсалтай хэрэг гарснаас хойш олон нийт хэсэг хугацаанд бухимдаж, буруутныг эрж хайсан. Зарим нь уурхайн компанийг буруутгаж, зарим нь төрийн байгууллагуудыг шүүмжилж, нөгөө хэсэг нь эцэг эхийн хариуцлагын тухай ярьсан.
Гэвч энэ эмгэнэлт явдлын дараа бидэнд өгсөн хамгийн чухал сургамж бол та бид хүүхдүүдээ аюулгүй орчинд амьдруулж чадахгүй байна.
Учир нь Улаанбаатар хотын өнцөг булан бүрд хүүхэд төдийгүй иргэн бүрийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн эрсдэл байсаар буй.
Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр гарсан хэрэгтэй холбоотой Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа “Таны ойр орчинд байгаа хүүхэд гэмтэж, эндэж болох нөхцөлтэй орчны зургийг хаяг тайлбартай нь сэтгэгдэл үлдээгээрэй” гэх нийтлэл оруулсан билээ. Энэхүү нийтлэлийн дор иргэд өөрсдийн ойр орчмын эрсдэлтэй байгаа газрын зургийг олноор нийтэлсэн. Бид тухайн сэтгэгдлүүдээс хоёр газрыг сонгон сурвалжиллаа.
Жишээ 1:
Гранд Плаза худалдааны төвийн урд явган хүний замтай залгаа хэсэгт асфальтан хучилт нь цөмөрч, гурван метр орчим гүн нүх гарсан байна. Тухайн нүхийг том хэмжээний цементэн хавтангаар таглаж орхисон нь “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэдэг шиг хэн ч хэзээ унах эрсдэлтэй орхижээ. Энд аюул арилаагүй, зөвхөн өнгөн дээрээ халхлагдсан төдий харагдана.
Жишээ 2:
Бөмбөгөр худалдааны төвөөс 24 дүгээр сургууль руу явах замд барилгын арматур төмөр ил гарчээ. Энэ хэсгээр 24 дүгээр сургууль руу ирж, буцах хүүхдүүдийн хамгийн гол зорчдог хэсэг бөгөөд алсаас анзаарагдахааргүй ёрдгор төмөрт хүүхдүүд дух, толгой, нүд хөмсгөө цохих, сэтлэх аюултай байна.
Энэ замаар алхаж буй хүүхдүүд ярихдаа,
“Манай сургуулийн ойр орчимд ил гарсан төмөр их байдаг. Сургуулийн ойр орчимд байгаа ийм төмөр, нүх зэргийг сургуулийн захиргаа хариуцах ёстой гэж боддог. Гэхдээ манай сургууль тэр даруй засаж харагддаг учраас би гомдолгүй байдаг. Хүүхдүүд бидэнд хаа сайгүй л эрсдэл байгаа, том нүхэн дээр хөнгөхөн төмөр тавиад л орхичихсон байдаг. Эдгээрийг засчихвал хүүхдэд тулгардаг эрсдэлүүд бага болох байх гэж би боддог.” гэлээ.
Аюултай, эрсдэлтэй хэсгүүдийн жишээ нийслэл хотод хаа сайгүй бий. Зөвхөн нийслэл хотод ч биш Хөвсгөл аймагт өнгөрөгч даваа гарагт тасарсан байсан цахилгааны утсанд хүрсэн 2 настай хүүхэд амь эрсэдсэн тохиолдол гарлаа. Мөн Дорноговь аймагт 15 настай хүүхэд энэ сарын 24-нд шороонд даруулж, 2 настай хүүхэд цементэн хашаанд дарагдаж эндсэн гээд долоо хоногт дөрвөн хүүхдийн алтан амийг алдсан хэрэг гарлаа.
Эдгээр асуудалд томчууд хэн нэгнээс хариуцлага нэхэхээс илүүтэй эрсдэлтэй харагдсан зам талбай, ил гарсан цахилгааны утас, төмөр утас, арматур төмөр, бөглөж таглаагүй нүхийг холбогдох байгууллагад нь мэдээлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж чадвал хэн нэгэн гэмтэх, эндэх зэрэг харамсалтай асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Та, би, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, таны болон компанийн тань ойр орчимд хүүхэд гэмтэх, бэртэх, амь эрсдэх аюултай хэсэг байгаа бол яг одооноос аюулгүй болгох ажлыг эхлүүлээрэй, хийгээрэй, мэдээлээрэй.
Видео үзэх холбоос:












