
Үндэсний их баяр наадмын тухай хуульд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн мөн П.Сайнзориг нарын 19 гишүүн нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, хуулийн төсөл өргөн барьсан билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр дээрх гишүүдийн санаачилсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн бөгөөд О.Амгаланбаатар гишүүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтүүдийг бүхэлд дэмжээгүй. Харин П.Сайнзоригийн санаачилсан нэмэлт өөрчлөлтийг дэмжлээ. Энэ пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар тэдний өргөн барьсан хуулийн төслийн хувь заяа шийдэгдэнэ.
Тэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд ямар, ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилсан бэ гэдгийг танд тайлбарлаж өгье.
-Олон бөх барилдуулах хуулийн нэмэлт ба Б.Бат-Өлзийд арслан цолыг нь авч өгөх-
П.Сайнзориг болон О.Амгаланбаатар нарын гишүүний санаачилсан хуульд Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүдэд цол нөхөж олгох асуудалд багтжээ. П.Сайнзоригийн санаачилгыг байнгын хороо дэмжсэн тул Улсын заан Б.Бат-Өлзий өнөө жилийн наадмаар Улсын арслан цолтой барилдаж мэдэхээр боллоо. Өнөө жил биш юмаа гэхэд ирэх жилийн наадмаар Улсын арслан цолтойгоор зодоглох нь ээ. Гэхдээ пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар гишүүдийн дэмжлэгийг авч чадах эсэхээс бүх юм хамаарна.
Түүний санаачилсан хуулийн нэмэлтийг хэрэв гишүүдийн олонх дэмжвэл Ерөнхийлөгчийн зарлигаар Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилддаг болно. Мөн аймгийн баяр наадамд 16 насанд хүрсэн 256 хүртэлх бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно. Аймгийн тэгш ойн баяр наадамд 512 хүртэлх бөх барилдаж болно. Энэ өөрчлөлт хэрэв батлагдвал аймгууд гадны бөх барилдуулахгүй гэдэг жалга, довны хандлагыг халагдах юм.
-Допингийн шинжилгээний хариу ирсний дараа бөх болон сурын харваачдад цолыг нь өгнө-
Харин О.Амгаланбаатар гишүүний хууль батлагдвал нэлээд хэдэн зүйлд өөрчлөлт орохоор байна. Тэдгээрийг танилцуулъя.
Нэг. Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Тодруулан хэлбэл, энэ заалт батлагдвал ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам болж, хүүхэд биш нэг хүн морио унаж, уралдаад, бөхөө ч барилдаад, нум сумаа харвана гэсэн үг.
Хоёр. Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно.
Гурав. Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно.
Дөрөв. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгоно.
Тав. Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
Зургаа. Уралдаанч хүүхдэд Улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгоно.
Долоо. Аймгийн дээд гурван насны гурван айраг, түрүүг улс бүсийн наадмын нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтад тооцно.
Найм. Сумын гурван айраг түрүүг аймгийн нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтад тооцно.
Ес. Жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амарна.
Арав. Допингийн шинжилгээ өгсөн бөх, сурын харваачид допингийн шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгоно.
Арван нэг. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач, Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол улсын дархан тод манлай уяач цол олгоно
Арван хоёр. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач, бүх насанд түрүүлсэн бол аймгийн манлай уяач цол олгоно.
Арван гурав. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач, бүх насанд түрүүлсэн бол аймгийн манлай уяач цол олгоно.








