
БНХАУ Шэньжоу-23 сансрын хөлөг онгоцоо хөөргөжээ
Өнгөрсөн ням гарагт БНХАУ Шэньжоу-23 сансрын хөлөг онгоцоо гурван сансрын нисгэгчдийн хамт сансрын “Тяньгун” станц руу хөөргөсөн байна. Шэньжоу-23 сансрын хөлөг онгоцны багийн гурван гишүүнээс нэг нь сансарт бүтэн нэг жилийг өнгөрүүлэх аж. Энэ нь Бээжингийн 2030 онд гэхэд сансрын нисгэгчдээ сар луу илгээх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болох аж. Шэньжоу-23 сансрын хөлөг онгоцны багт анх удаа Хонконгийн сансрын нисгэгч багтсан байна. 43 настай сансрын нисгэгч Лай Ка Инь нь Хонконгийн цагдаагийн газарт ажиллаж байсан юм байна. Үлдсэн хоёр гишүүний тухайд 39 настай Жу Яаньжу нь сансрын инженер, 39 настай Жан Жиюань нь агаарын нисэх хүчний нисгэгч аж.
Шэньжоу-23 хөлөг онгоцны багийнхан сансарт байх хугацаандаа биологи, материал судлал, шингэний физик болон анагаах ухааны олон тооны туршилтуудыг хийх бөгөөд багийн нэг гишүүн сансарт нэг жилийг өнгөрүүлж, сансарт буюу татах хүч байхгүй орчинд удаан хугацааг өнгөрүүлэх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судална. Энэ нь хятадуудад ирээдүйд сар луу болон ангараг гараг руу хийх нислэгүүдэд бэлдэхэд нь туслах аж.
Сүүлийн 30 жилд Бээжин сансрын хөтөлбөрүүддээ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2019 онд хүмүүсийн нүдэнд харагддаггүй сарны хэсэгт, 2021 онд ангараг гараг дээр тус тус сансрын төхөөрөмжөө буулгасан юм. Вашингтон NASA-д БНХАУ-тай хамтарч ажиллахыг хориглосонтой холбоотойгоор БНХАУ 2011 оноос Олон Улсын Сансрын станцад очих эрхгүй болсноор өөрсдийн “Тяньгун” сансрын станцаа байгуулж эхэлсэн билээ.







