
“Мах”-наас болж МАН дотор зодоон өрнөв. Үнэхээр тэдний дотоод зөрчил, дайныг “Мах” ил гаргаж ирэв үү? Эсвэл…
Хотын дарга Х.Нямбаатарын суудлаасаа ойчих болсон шалтгаан бус шалтаг бол “Магнаг болсон мах” байлаа. Цаашилбал МАН-ын дотоод зодооныг “Мах” илчилж харууллаа.
Монголчууд 2025 оны мал тооллогоор 58.1 сая толгой малтай гэсэн тоо гарсан. Тэгвэл манай улс 3.5 сая хүн амтай. Бид хүн амын тоогоо, тоолуулсан цаасан дээрх малын тоо толгойтой харьцуулахад “Мах магнаг” болж, үнийн өсөлтөд иргэд дарлуулах ч гэж дээ хэмээн амаа барьцгааж суугаа.
Тэгвэл сайд, дарга нар гэнэт л зүүд нойрноосоо сэрэв үү гэлтэй махны үнийн өсөлтийн талаар амаа олохгүй, үгсээ нуулгүй ил, далд шагшицгааж эхэллээ. Энэ бол сүүлийн ганцхан 7 хоногт 53 мянган төгрөг хүртэл огцом өсч, инфляцыг 2 оронтой тоо руу оруулсан махны үнийн асуудал. Бодитоор харвал зарим нэг хүмүүс зориудаар ийм хурдан махны үнэ өсгөж, иргэдийнхээ хоол, хэтэвч рүү нар дүрээд эцэст нь Хотын даргаар тун тахиж буй дүр эсгэсэн ч гэмээр харагдаж байна.
Нийслэлчүүдийн идэх хоолны үмх махны үнийг Хүчит шонхор зах дээр л жинхэнэ утгаараа дэнсэлж байдаг. Угтаа бол 3-4 шат дамжиж ирсэн махны үнийг хэрхэх эсэхийг тэнд л нааш, цааш нь тухайн өдрийн өнгөөр хэдхэн ченжүүд тодорхойлчихдог гэж байгаа. Өнгөрсөн бямба гарагт буюу 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” худалдааны төвийг нэгд нэгэнгүй нэгжлээ. Ингээд тэр оройдоо холбогдох албаныхан болон хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Тендер төсөл хулгайлдаг байсан бол одоо бүүр ард түмнийхээ амин зуулга, аягатай хоолноос хулгайлдаг боллоо” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү махны үнийн хөөрөгдөл болон бусад асуудлаас үүдэлтэйгээр 2023 оноос эхлэн Хотын даргаар ажилласан Х.Нямбаатарыг огцрууллаа. Хэлтэй, амтайгаараа алдаршсан хотын хуучин дарга Х.Нямбаатар олон нийтэд цацсан цахим хуудсан дахь лайваараа Ерөнхий сайдыг “Алиа бацаан” хэмээн дуудаад авсан нь хууль, дүрэм журам мэддэг зарим иргэдийн дургүйцлийг хүргэж, ер тэгээд төр барьдаг дарга нар хов жив хөөцөлдөн, хараал ерөөлөөр нэгнээ доромжлон гутаах нь “Төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл” хэмээн толгой сэгсрэх хэсэг ч байна.
ХХААХҮ-ийн сайдыг бус махны хэргээр бүр Хотын даргаа огцруулчихлаа шүү. Үүний ард нь Нийслэлийн МАН-ыг хэн авах вэ гэдэг 30/38-ын өрсөлдөөн явагдаж байж болзошгүйг учир мэдэх улс жиг жуг гэлцэж байна. Я.Содбаатарын хүмүүс үү, эсвэл Н.Учралын хүмүүс нийслэлийн МАН-ын даргаар тавигдах магадлал өндөр юм.
Энэ завсар өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар, Н.Учралын хүн М.Говьсайхан, хавчуурганд нь Ж.Сандагсүрэн гэх зэрэг нэрс ил гарч байна. Тэгвэл шинэ Хотын даргыг томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Ямар ч байсан хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Хотын даргыг чөлөөлсөн шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн Засаг даргыг томилох, эсвэл нэр дэвшүүлэх ажиллагаа явагддаг байна.
Хотын шинэ даргаар хэн томилогдох эсэх нь олон нийтийн иргэдийн анхаарлыг татсан гал халуун сэдвүүдийн нэг хэвээр байсаар байх болно…







