
Засгийн газрын өнөөдрийн /2026.05.18/ ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Махны үнэ өссөн нь зохион байгуулалттай байж болзошгүй”
-Нөөцийн мах худалдаалах 600 гаруй цэг байгуулсан. Гэвч урьдчилсан байдлаар газар дээр нь хяналт шалгалт хийхэд ердөө 375 цэг ажиллаж байсан нь тогтоогдсон. Эдгээр 375 цэгээс 250 нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэдэг мэдээллийг өгч байна.
Бэлтгэн нийлүүлэгч компаниудаас асуудлыг тодруулахад, Улаанбаатар хотын ерөнхий менежерээс нөөцийн мах худалдаалахыг түр зогсоох чиглэл ирсэн гэх тайлбар өгсөн. Энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, махны үнийг зориудаар өсгөхийн тулд зохион байгуулалттай ажилласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
Одоогоор холбогдох байгууллагууд компаниудын нийлүүлсэн гэж мэдүүлсэн 1400 тонн мах бодитоор байгаа эсэхийг хүртэл шалгаж байна. Урьдчилсан байдлаар энэ хэмжээний мах байхгүй байж болзошгүй гэсэн дүн мэдээ гарсан.
Тиймээс Ерөнхий сайдын зүгээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах арга хэмжээ авч, тамга тэмдгийг түр орлон гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ажлыг миний бие зохион байгуулсан” гэв.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүсээд буй инфляцын өсөлттэй холбоотойгоор хариу арга хэмжээ авах тухай тогтоол баталлаа. Энэ нь зөвхөн өнөөдөр яригдаж байгаа нөөцийн махны асуудал биш. Цаашид мах бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд хэрхэн анхаарч ажиллах талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан.
Тодруулбал, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх, мөн 2025 онд байгуулсан гэрээнд заасан үнийг хадгалах шийдвэр гарсан. Ингэснээр хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгийн үнээр худалдаалах зохицуулалт үргэлжилнэ.
Мөн мах борлуулах явцад гарсан алдаа, зөрчлүүдийг засах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан. Тухайлбал, И-баримтгүйгээр борлуулсан мах байгаа тохиолдолд нөхөн бүртгэж, нөөцийн махны нийлүүлэлтэд буцаан хамруулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд борлуулагдсан махны тодорхойгүй хэмжээ И-баримтгүй гарсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1400 орчим тонн мах нэр бүхий есөн аж ахуйн нэгж дээр хадгалагдаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу эдгээрийг дэлгүүрүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулна.
Мөн нөөцийн мах худалдаалах хугацааг зургаадугаар сарын 15 хүртэл байсныг долоодугаар сарын 1 хүртэл сунгахаар болсон. Цаашид махны нийлүүлэлт, үнэ, хангамжийн асуудалд төр ямар хэлбэрээр оролцох талаар ч судалж ажиллана. Зохиомол үнэ тогтоож байгаа эсэх асуудалд Татварын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран шалгалт хийхээр болсон. Махны үнэ хөөрөгдөж, зах зээлд зориуд нөлөөлсөн эсэхийг холбогдох байгууллагууд нарийвчлан шалгана.
Улаанбаатар хотын махны нийлүүлэлттэй холбоотой олон асуудал өмнө нь яригдаж байсан ч бодит хэрэгжилтэд хүрээгүй, эсвэл эхэлсэн ч дундаасаа зогссон тохиолдлууд бий. Иймээс хамгийн боломжтой, бодитой хувилбаруудыг сонгон хэрэгжүүлэх чиглэлийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр малчдын дунд яригдаж буй махны экспорт зогсоох талаар ямар нэгэн үг, өгүүлбэр тогтоол шийдвэрт тусгагдаагүй гэдгийг хэлье. Манай яамны ажилтан албан хаагчид амралтын өдрүүдэд нийслэл хотын зүүн болон баруун захад ажилласан. Жишээлбэл, зүүн захад 400-гаад хонь бэлтгэж байгаа мэдээлэл ирлээ. Ингэхээр нойтон мах зах зээлд нийлүүлэгдэж эхэлж буйтай холбоотой инфляц өснө. Тэгэхээр нойтон махыг нөөцийн худалдаанд оруулж, иргэдэд нийлүүлэхээр ажлуудыг ярилцан хэлэлцлээ. Хамгийн гол нь нөөцийн мах бэлтгэдэг цэгүүдээс худалдан авагч ард иргэдэд И-баримт огт олгодоггүй юм байна. Иймээс татварын газартай мөн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, И-баримт олгодог албан ёсны газруудад нөөцийн мах худалдаалах зөвшөөрлийг олгодог байхаар зохицуулалт хийхээр Засгийн газрын хуралдаан дээр ярилцаж хэлэлцлээ” гэлээ.
Шууд дамжуулалтыгн дэлгэрэнгүй үзэх линк:







