
Америкийн The New York Times сонинд бичсэнээр Вашингтон Кубад цэргийн ажиллагаа явуулж, тус улсын удирдагч асан Рауль Кастрог баривчлахаар төлөвлөж байгаа аж.
1996 онд Кубын агаарын нисэх хүчин Америкийн хүмүүнлэгийн “Brothers to the Rescue” байгууллагын хоёр онгоцыг буудаж унагасан явдалтай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид Кубын хувьсгалч Рауль Кастрог яллагдагчаар татахаар төлөвлөж буй талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.
Тэгвэл The New York Times сонин АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагааг явуулахаасаа өмнө Н.Мадурог яллагдагчаар татсан байсныг онцолж, Вашингтон Рауль Кастрог “венесуэлийн зохиол”-ын дагуу баривчилж болзошгүй гэжээ.
Одоогийн байдлаар Вашингтон Кубад цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаагүй байгаа ч Рауль Кастрог Н.Мадуро шиг барьж авч магадгүй гэсэн мэдээ нь Кубын эрх баригчдыг буулт хийхэд хүргэж болзошгүй байна.
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Тагнуулын удирдлагын төвийн дарга Жон Рэтклифф Кубад айлчилж, Рауль Кастрогийн ач хүү Рауль Гильермо Родригес Кастротой уулзжээ. Axios сайтад бичсэн Ж.Рэтклифф Рауль Гильермо Родригес Кастрод Куба улс зарим нэг суурь өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн тохиолдолд АНУ Кубатай эдийн засаг, аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бичсэн захидлыг дамжуулсан аж.
94 настай Рауль Кастро нь Кубын удирдагч агсан Фидель Кастрогийн дүү юм. 2008 онд Фидель Кастро эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа өгсний дараагаар Рауль Кастро Кубын Ерөнхийлөгчөөр томилогдсон ба тэрээр 2018 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж, 2021 онд Кубын Коммунист намын даргын суудлаа өгсөн билээ.
Эх сурвалж: USA Today







