
Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр (2026.05.16) “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Үндэсний өдрийн мод тарих ажилд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Хосбаяр, Н.Наранбаатар нар оролцлоо. Мод тарих ажлыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт байгаль дэлхийн цэвэр цэнгэг агаарын эх ундарга болсон ногоон байгууламжийг тэлж, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв цэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өргөжүүлэх гэгээн, сайхан үйл хэрэгт нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлэв.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын иргэд өнөөдрийн байдлаар 137 сая мод тариад байгааг дурдан, суулгац суулгах нь мод тарих ажлын ердөө нэг хувь, арчилж ургуулах нь 99 хувь байдаг гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн тарьсан модод 98 хувийн ургалттай байгааг талархан дурдав.


Мод тарих ажилд Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, дэд дарга Г.Эрдэнэбат, Ц.Одхүү, Улсын Их Хурлын даргын улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй 80 гаруй албанхаагч оролцож, нарс, шинэс модны 100 суулгац суулгалаа.







