
Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш номын баяр болно, жилд хоёр удаа тохиох эдгээр өдрүүдийг дийлэнх иргэд хүлээдэг болсон нь гарцаагүй. Өглөөнөөс эхлэн талбайд хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй, ном сонирхсон хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүлүүд гээд бүх насны уншигчид цугларчээ.
Сүүлийн жилүүдэд “залуус ном уншихаа больсон” гэх яриа олонта сонсогдох болсон. Гар утас, сошиал сүлжээний хэрэглээ өссөнөөр номын үнэ цэн буурч байгаа мэт ойлголт ч нийгэмд бий болсон. Гэвч номын баярын уур амьсгал энэ ойлголтыг өөр өнцгөөс харуулах шиг.
Талбай дээр шинэ ном үнэртүүлэн сонирхож яваа залуус, зохиолчтой уулзахаар дугаарласан уншигчид, найзуудтайгаа номын талаар ярилцах оюутнууд цөөнгүй харагдана. Зарим нь хувь хүний хөгжил, сэтгэл зүй, бизнесийн чиглэлийн ном хайж байхад нөгөө хэсэг нь уран зохиол, яруу найраг сонирхож байна.
Номын зохиолчид болон худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар сүүлийн үед залуусын худалдан авч буй номын төрөл ч өөрчлөгдөж байгаа аж. Тэд зөвхөн хичээл, ажилтай холбоотой бус өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлзүйгээ ойлгох, амьдралын хэв маягаа өөрчлөх, урлаг, уран зохиолтой ойр байх гээд хэн бүхний унших ном, хэв маяг өөр гэдгийг тэд хэлж байлаа.
Мөн цахим орчин уншлагын соёлыг бууруулаагүй харин ч шинэ хэлбэрээр түгээж эхэлсэн гэдгийг тэд онцолж байна. Сошиал орчин дахь номын review, эшлэл, подкаст, аудио номын контентууд залуусыг номтой илүү ойр байхад нөлөөлдөг болжээ.
Номын баярт оролцож буй хүмүүсийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйлийн нэг нь яах аргагүй ижил сонирхолтой хүмүүс нэг дор цуглаж буй тэр мэдрэмж аж. Ном уншдаг хүмүүс цөөрөөгүй, харин унших арга барил, орчин нь өөрчлөгдсөнийг энэ өдрүүдийн дүр зураг илтгэж байна.
Залуус ном уншихаа болиогүй, тэд номыг өөрийн хэв маягт тохируулан уншиж эхэлсэн байна.







