
Сүхбаатарын талбайн баруун талд өглөө бүр явуулын цэнхэр машин “амь орж”, хотын яаруу хэмнэлд дулаахан өнгө нэмсээр тав хонож байна. Хүйтэн салхи хацар жиндүүлсэн өглөө ч бай, намуухан дулаахан өдөр ч бай энэ жижигхэн кофе шоп яг цагтаа буюу өглөөний 06:00-д үүд хаалгаа нээдэг. Хот дөнгөж сэрж, гудамж талбай аажмаар хөл хөдөлгөөнд орж эхлэхэд халуун кофены анхилуун үнэр агаарт түгж, яарсан алхмуудыг түр азнуулах шиг.

Энэ бол Э.Анхгэрэлийн явуулын кофе шоп, энэхүү бизнесийн санааг түүний том хүү гаргасан бөгөөд өнөөдөр ээжийнх нь хөдөлмөр, сэтгэлээр хэрэгжиж, хотын иргэдэд шинэ төрлийн, илүү ойр үйлчилгээ болон хүрч байна.
Э.Анхгэрэл “Хүмүүс өглөө эрт нээдэг болоосой гэж их ярьдаг, гэхдээ яг өглөө эрт нээхэд ирдэг хүн бараг байгаагүйд нь гайхсан” гэв.
Гэвч цөөн хугацаанд хүмүүс мэддэг болж, байнгын үйлчлүүлэгчидтэй болсон нь түүнд урам өгсөн байна. Өнөөдөр өглөө бүр танил царайтай хүмүүс ирж, уух дуртай зүйлээ захиалан инээмсэглэн мэндлэх нь энэ жижигхэн бизнесийн хамгийн үнэ цэнтэй хэсэг болжээ.
Э.Анхгэрэлийн хувьд кофе бол амт, мэдрэмж, харилцаа юм. Тиймдээ ч тэр үйлчлүүлэгч бүртээ чанартай, амттай кофе хүргэхийг зорьдог. Өөрөө кофе уух дуртай учраас амтны нарийн ялгааг мэдэрч, тэр мэдрэмжээ бусдад дамжуулахыг хүсдэг байна. Түүний гарын кофе нь өглөөг илүү дулаан, илүү зөөлөн эхлүүлэх жижигхэн баяр мэт.
Кофеноос гадна сэндвич, смүүтигээрээ ч онцлог. Сэндвичийг урьд өдөр нь захиалж, өглөө 06:20 гэхэд гараас гарт дамжуулан хүргэгддэг нь яаруу амьдралтай хүмүүст ихээхэн дөхөм.
Харин смүүти нь цэвэр жимсээр, ямар ч нэмэлт сахар, химийн орцгүйгээр бэлтгэгддэг гэдгийг тэр онцолж байлаа. Эрүүл, энгийн, бас амттай энэ бол түүний баримталдаг зарчим гэнэ.


“Манай байнгын үйлчлүүлэгч болсон настай эмэгтэй кофег минь магтахаар нь их урам орсон” хэмээн тэр инээмсэглэн ярьсан нь энэ ажлын хамгийн дулаан мөчүүдийн нэг биз ээ.
Мэдээж “гудамжны”, “явуулын” гэх тодотголтой бизнес өөрийн гэсэн бэрхшээлтэй. Ялангуяа Улаанбаатарын салхи заримдаа саравчийг нь хийсгэж, ажлыг нь саатуулна. Хүйтэн өдрүүд ч амар биш. Гэсэн ч салхи намдаж, нар багахан ч болов ээж эхлэхэд хүмүүсийн хөл тасрахгүй үргэлжилдэг нь энэ жижигхэн цэнхэр машины үнэ цэнийг илтгэнэ.
Дүүргээс олгогдсон зуны түр зөвшөөрлөөр ажиллаж буй энэ кофе шоп том ресторан, тансаг интерьергүй. Гэхдээ тэнд сэтгэл, хөдөлмөр, энгийн хэр нь чанартай үйлчилгээ бий. Тиймдээ ч хүмүүс кофе л авах гэж биш, харин тэр мэдрэмжийг авах гэж дахин дахин ирдэг байх.
Нэгэн цагт бид гудамжны хоол, үйлчилгээ гэхээр Жэки Чаны “Явуулын зоогийн газар” киног л төсөөлдөг байсан үе өнгөрчээ. Харин ийм төрлийн үйлчилгээ илүү соёлтой, цэвэрхэн, иргэдэд ойр болж, хотын амьдралд өөрийн өнгийг нэмсээр байна.
Видео үзэх холбоос:







