
“Үндэсний баялгийн сан нь Монгол Улсын газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой төрөлжсөн сан.
Уг төрөлжсөн сан нь:
- Ирээдүйн өв сан – ирээдүйн үеийн иргэдэд зориулсан хуримтлал.
- Хуримтлалын сан – иргэн бүрд жил бүр хуваарилагдах мөнгөн хөрөнгийг бүртгэх.
- Хөгжлийн сан – Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой 3 сангаас бүрдэж байгаа юм. Энэ 3 сангийн орлого нь уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын төлбөрөөс төвлөрдөг.
Иргэн бүрд хуваарилагдах мөнгөн хөрөнгө нь Хуримтлалын нэрийн дансанд бүртгэгдэж, үлдэгдэл мөнгөнд тооцогдох хүү, зарлагыг нэгтгэн тооцдог.
Тэгвэл энэ та бидний “Хуримтлалын нэрийн данс” дахь мөнгө 306.174 төгрөг болжээ.
Монгол Улсын Хуримтлалын санд 2025 онд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ногдол ашгаас 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүн дээр сангийн хөрөнгө оруулалтын хүүгийн 68.5 тэрбум төгрөг нэмэгдсэнээр нийт орлогыг иргэн бүрийн нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэж, нэг иргэний хуримтлалын үлдэгдэл 306.1 мянган төгрөгт хүрсэн байна.
Энэ нь Монгол Улс байгалийн баялгийн орлогоо зөвхөн төсвийн урсгал зарлагад ашиглах бус, иргэдийн өмч хэлбэрээр хуримтлуулах тогтолцоо руу аажмаар шилжиж буйг харуулж байгаа юм. Гэвч дэлхий дахинд баялгийн сангуудын үүрэг улам өргөжиж, зөвхөн “хадгаламжийн сав” бус эдийн засгийн хөгжлийг удирдах стратегийн хөрөнгө оруулагч болон хувирч байна.
Олон улсад баялгийн сангууд хэрхэн хөгжиж байна
Канад шинэ баялгийн сан байгуулав
2026 оны дөрөвдүгээр сарын 27-нд Канад Улс анхны үндэсний баялгийн сан болох “Canada Strong Fund”-ийг байгууллаа. Энэхүү сан нь эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй, технологи зэрэг стратегийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх зорилготой бөгөөд эхний шатанд 25 тэрбум канад долларыг хувийн хэвшилтэй хамтарсан хэлбэрээр төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Энэ бол баялгийн сангийн шинэ үеийн хандлагын тод жишээ. Өмнө нь ийм сангууд зөвхөн валютын нөөц хадгалах, ирээдүйд зориулан мөнгө хуримтлуулах чиг үүрэгтэй байсан бол өнөөдөр улс орнууд эдийн засгийн өсөлтөө хурдасгах, технологийн шилжилт хийх, стратегийн салбаруудаа хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна.
Ийм төрлийн сангуудыг олон улсад “хөгжлийн сан” гэж нэрлэх болсон. Эдгээр нь богино хугацааны ашиг хөөцөлдөхөөс илүүтэйгээр ирээдүйн бүтээмж, өрсөлдөх чадвар, тогтвортой өсөлтийн суурийг бий болгох зорилготой байдаг.
Temasek ба Мубадала: Хөгжлийн сангийн амжилттай загварууд
Сингапурын Temasek Holdings 1974 онд ердөө 354 сая сингапур долларын хөрөнгөтэй байгуулагдсан бол өнөөдөр 380 тэрбум гаруй сингапур долларын хөрөнгө удирдаж байна. Тус сан Singapore Airlines, DBS Bank, PSA International зэрэг стратегийн компаниудад урт хугацаанд хөрөнгө оруулснаар Сингапурыг дэлхийн санхүү, ложистик, технологийн төвүүдийн нэг болоход чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Харин Абу Дабигийн Mubadala Investment Company нь газрын тосноос хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой байгуулагдсан. 2025 оны байдлаар 385 тэрбум ам.долларын хөрөнгө удирдаж, сүүлийн таван жилд жилд дунджаар 10.7 хувийн өгөөжтэй ажиллажээ. Зөвхөн 2025 онд л гэхэд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, дижитал дэд бүтэц зэрэг ирээдүйн өсөлтийн салбаруудад 39 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Энэ нь баялгийн сан зөвхөн мөнгө хадгалах механизм биш, харин улс орны эдийн засгийн бүтцийг өөрчлөх хүчирхэг бодлогын хэрэгсэл болж чаддагийг харуулж байгаа юм.
Норвегийн сан: Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч
Дэлхийн хамгийн том баялгийн сан болох Норвегийн Government Pension Fund Global 1998 онд 23 тэрбум ам.долларын хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2025 оны эцсийн байдлаар 2.1 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна.
Тус сан 1998-2025 оны хооронд жилд дунджаар 6.64 хувийн өгөөж хүртжээ. 2025 онд 15.1 хувийн өгөөжтэй ажилласан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон байна. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч нь хиймэл оюун ухаантай холбоотой технологийн компаниуд болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн өсөлт байв.
Норвегийн сан өнөөдөр 68 улсын 7201 байгууллагад хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд нийт багцын 52.9 хувь нь АНУ-д төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны орлогоо дэлхийн эдийн засгийн ирээдүйн өсөлт рүү хөрвүүлж чадсан нь Норвегийн амжилтын гол үндэс болжээ.
Сүүлийн үеийн олон улсын судалгаанууд баялгийн сангууд шинэ шатанд гарсныг онцолж байна. 2008 оны санхүүгийн хямралаас өмнө эдгээр сангууд ихэвчлэн хаалттай, нам гүм үйл ажиллагаатай байсан бол Сантьягогийн зарчмууд батлагдсанаас хойш ил тод байдал, засаглал, хөрөнгө оруулалтын стратеги нь эрс өөрчлөгджээ.
Судлаачид үүнийг “SWF 3.0” үе гэж нэрлэж байна. Энэ үеийн баялгийн сангууд:
- стратегийн салбаруудад урт хугацааны хөрөнгө оруулалт хийх,
- технологийн шилжилтийг санхүүжүүлэх,
- хувийн хөрөнгө оруулалтыг татах,
- үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- геополитикийн эрсдэлийг бууруулах зорилготой ажиллаж эхэлсэн байна.
Монгол Улсын Хуримтлалын сан өнөөдөр иргэдийн нэрийн дансанд хуримтлал үүсгэж эхэлсэн нь чухал алхам мөн. Гэвч дэлхийн чиг хандлагаас харахад баялгийн сангийн дараагийн шат нь зөвхөн мөнгө хуримтлуулах бус, эдийн засгийн бүтцийг өөрчлөх стратегийн хөрөнгө оруулагч болох явдал болж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улс уул уурхайн орлогоо зөвхөн тараах уу, эсвэл ирээдүйн үйлдвэрлэл, эрчим хүч, технологи, экспортын шинэ салбаруудыг бий болгох урт хугацааны хөгжлийн сан болгон хувиргах уу гэсэн том асуултын өмнө ирээд байна.







