
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д 3 өдрийн төрийн айлчлал хийхээр нийслэл Бээжин хотод хүрэлцэн иржээ. Түүнийг Хятадын дэд ерөнхийлөгч Хан Жэнь, АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд Си Фэн, Хятадын Гадаад харилцааны дэд сайд Ма Жаосю, БНХАУ-д суугаа АНУ-ын элчин сайд Дэвид Пердю нарын албан тушаалтнуудаас гадна хүндэт харуулууд, зэвсэгт хүчний оркестр, хоёр орны далбааг намируулсан 300 залуус угтжээ.
Америкийн төрийн тэргүүнийг хүү Эрик Трамп нь гэргий Ларагийн хамт, дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск, чип үйлдвэрлэгч Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Apple компанийн тэргүүн Тим Кук, Boeing, Meta, Citigtoup, Goldman Sachs зэрэг томоохон компаниудын удирдлагууд дагалдан иржээ.
Ерөнхийлөгч Д.Трампын БНХАУ-д хийх 3 өдрийн айлчлалын гол бөгөөд олон улсын анхаарлыг татаж буй үйл явдал нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт юм. Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй хийх уулзалтынхаа үеэр хоёр орны худалдааны харилцаа, Ираныг тойрсон асуудал, Тайванийн болон технологийн салбарын асуудлуудыг хөндөх төлөвтэй байгаа аж.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны 11-р сард БНХАУ-д айлчилж, Хятадын төрийн тэргүүнтэй 2025 оны 10-р сард БНСУ-д уулзсан билээ.
Айлчлалын хуваарийн дагуу өнөөдөр Ерөнхийлөгч Си Жиньпин Д.Трампыг Хятадын Ардын их хурлын ордонд хүлээн авч, хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт эхлэх ба уулзалтын дараа Ерөнхийлөгч Доналд Трамп бусад зочид төлөөлөгчдийн хамтаар БНХАУ-ын эрх баригчдын зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох аж.







