
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2026.05.12) хуралдсан. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен. М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара, Г.Хосбаяр О.Батнайрамдал Д.Бум-Очир, Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, М.Сарнай, Ж.Чинбүрэн, М.Энхцэцэг нар оролцон, нийт таван асуудал хэлэлцсэн байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ямар байгааг асууж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, “цалинтай ээж” тэтгэмжийн хэмжээг ядаж 100 000 төгрөг болгох, татварын дарамтын бууруулах Засгийн газрын бодлоготой хувь хүний орлогын албан татварын орлогыг уялдуулж төлөвлөх зэрэг асуудлыг хөндөн, ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авчээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ онд Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)–ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлага бийг танилцуулж, ирэх жилүүдэд энэ харьцааг 50 хувиас 45 хувь болгож бууруулах зорилт тавьж буйг дурдсан юм. Энэ онд гадаад өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 39.3 хувь байгааг тэрбээр мэдээлэв.







