
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Сэлбэ 20 минутын хот” төсөлтэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад 500 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй стратегийн гурван том төсөл бий. Тодруулбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Сэлбэ 20 минутын хот” зэрэг төслүүд юм. Уг төслүүдийг урагшлуулахаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Жил гаруйн хугацаанд уг хуулийн төслийг шийдвэрлэхээр явсны эцэст өчигдөр УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь дэмжигдсэнгүй. Сөрөг хүчин улс төр хийж болно. Гэхдээ бүтээн байгуулалтаар улс төр хийж болохгүй. Сэлбэ 20 минутын хот нь Монгол Улсын барилгын салбарт 50 гаруй жилийн дараа хийж буй хамгийн томоохон бүтээн байгуулалтын ажил бөгөөд Улаанбаатар хотод нэн шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Учир нь хугацаа өнгөрөх тусам эдийн засгийн алдагдалд орно” гэв.
Мөн би өөрөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Миний хувьд 2024 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихдээ төвлөрсөн хотоос олон төвт 14 хотыг байгуулах төсөл хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Олон төсөл хөтөлбөр тусгаснаас хамгийн бодитоор хэрэгжиж буй нь “Сэлбэ 20 минутын хот” төсөл. Төслийн эхний хоёр багцын барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд, үлдсэн таван багцын ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Энэ хүрээнд нийт 7000-8000 түр ажлын байр гарч байгаа бөгөөд барилгын талбайд 2200 хүн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 32 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ эрчээрээ явбал барилга угсралтын ажил 2027 оны аравдугаар сард дуусна. Харин бүтээн байгуулалтын ажил удаашрах нь эдийн засаг, санхүүжилттэй шууд хамааралтай гэдгийг онцолж байлаа.




“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Барилгын салбарын ажил байгаль цаг уурын нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг тул цаг бол алт. Эдийн засгийн энэ хүнд цаг үед барилгын салбарын зах зээл хумигдсан байдалтай байна. Харин энэхүү бүтээн байгуулалтын ажил нь дотоодын барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад маш том цус сэлбэлт болж буй. Тодруулбал, ерөнхий долоо, туслан гүйцэтгэгч 39 аж ахуйн нэгж, 140 гаруй оролцогч талууд бүтээн байгуулалтад оролцож байна. Барилгын талбайд 2000 гаруй ажилтан ажиллаж байгаагийн цаана бэлтгэн болон ханган нийлүүлэгч, барилгын материал импортлогч, үйлдвэрч гээд маш том сүлжээ бий” гэлээ.







