
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн тав болон есдүгээр саруудын бүх Бямба, Ням гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээг “Хашаандаа мод тарья”, “Алтан намар мод тарих цаг” зэрэг уриан дор зохион байгуулж байсан бөгөөд энэ жил илүү өргөн хүрээг хамруулан үргэлжилж байна.
Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байна. Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа дөрвөн дүүрэгт явагдана. Дурдвал,
- Баянзүрх дүүрэг – Жуковын талбай
- Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай
- Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн
- Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай тус тус худалдана.
Мөн мод тарих нэгдсэн байршлууд нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянгол цэцэрлэгт хүрээлэн, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн, Хоймор хайрхан мод тарих цэг, Богдхаан уул мод тарих цэг болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар болон бусад байршлуудад тарих боломжтой аж.
Мод тарих нь зөвхөн тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иргэн та бүхэн байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.







