
Энэ амьдралын олон нугачаа, даваан дунд хүнд янз бүрийн л зүйлс тохиолдоно. Гэхдээ бүх зүйл утга учиртай юмуу гэлтэй. Хүн өөрөө дурсамжаар хөглөгдөж амьдардаг. Ер тэгээд дурсамж, гэрэл зураг хоёр л үлддэг хорвоо л доо.
Мэдээж тэр олон дурсамж дотроо өссөн төрсөн орчин, тэр дундаа аав, ээж, гэр бүл хүрээлэн буй эргэн тойрны дурсамжууд тодоос тод хөвөрнө. Аав, ээжтэйгээ холбогдож байгаа дурсамж бүхэн маш нандин. Охиноо, хүүгээ зорьсон бүхэнд нь саадгүй хүрч, төлөвлөсөн, санасан сарвайснаа авч чадах бүхий л нөөц, боломжийг хүний эцэг, эх л биелүүлж, чадах чинээгээрээ туслан, ард нь гол дэмжигч, том түшиг тулгуур басхүү хөшүүрэг болоод сууж байдаг.
Гагцхүү үр хүүхдийнхээ зорьсон мөрөөдсөн яг л тэр цэгт зөв эхлэлийг тавьж өгөх нь чухал ташуур болж өгдөг. Иймдээ ч хайртай бага охиныхоо төрсөн өдрөөр аавынх нь бэлэглэсэн тэр л сагсан бөмбөг хожмоо ирээдүйд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглох, багийн спортод нэр алдраа дуурсгасан “мандаж яваа” тамирчин болох эхлэлийг тавьж өгчээ.

Ингээд бид төрсөн өдрөөрөө ааваасаа бөмбөг бэлгэнд авснаар өдөр, шөнөгүй гадаа талбайд цагийг өнгөрүүлж, сагсан бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй дурласан тэр л дайчин, гал цогтой охиныг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ хойморт урьсан юм.
“Улаанбаатар Амазонс” багийн тамирчин, 2025-2026 оны сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч” шагналын эзэн, спортын мастер Баатарын Болор-Эрдэнийн ертөнцөөр уншигч авхай та бүхнийг аялуулъя.


Б.Болор-Эрдэнэ: Аавын минь надад төрсөн өдрөөр бэлэглэсэн бөмбөг энэ спортоор тууштай хичээллэх урам зориг өгсөн
-Сайн байна уу? Юуны өмнө “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч” шагналын эзэн болсонд нь баяр хүргэе?
-Сайн байна уу. Лиг өндөрлөөд хэсэг хугацаанд амралтын байдалтай байгаа. Сагсан бөмбөгийн бэлтгэлээсээ өөр зүйлүүд илүү их хийхийг хүсэж байна.
Яг тухайн шагналын эзнээр тодорсон мөч бас шагналаа гардаж авах тэр цаг үе маш гайхалтай мөчүүдийн маань нэг байсан. Сагсан бөмбөг анх тоглож эхлээд эмэгтэй дээд лиг маань зохион байгуулагдаж эхэлснээс хойш дөрвөн жил болоход миний хувьд 4 жил MVP-д өрсөлдөж байсан. Мэдээж статистик үзүүлэлтээрээ илүү боломжтой юм шиг харагдсан боловч манай багийн амжилт бол төдийлөн яг үүнд хүрэхгүй байсан. Тэгээд энэ жил манай багийн амжилт ч тэр, миний статистик ч ерөнхийдөө нэлээн сайн үзүүлэлттэй байсан болохоор тус шагналыг авсан. Миний хувьд олон жил хүсэж мөрөөдөж байсан шагналуудын маань нэг байсан болохоор маш их баяртай байсан. Нэлээн хугацааны дараа буюу яг 10 жилийн дараа MVP шагналыг хүртсэн. Өмнө нь уг шагналыг хоёр удаа авч байлаа. Яг тухайн үед бүр сэтгэл хөдлөөд, манай багийнхан намайг шоолоод, та яг одоо уйлах гээд байна тийм үү гэсэн чинь л би уйлаад эхэлчихсэн.


10 гаруй жилийн дараа “Үнэ цэнтэй тоглогч” шагнал авсан тэр мөчид яагаад ч юм тэсэлгүй уйлчихсан
Шагналаа аваад л өөрийн эрхгүй дотор нэг сонин болоод л нүдэнд нулимс цийлэгнээд тэгээд л уйлчихсан. Маш их баярласан. Дээрээс нь манай багийнхан надад ер нь нэлээн их хүч өгсөн. Бүгдээрээ л одоо ингээд таны авах цаг нь болсон. Олон жил та ингээд бэлтгэл сургуулилт хийсэн, маш олон жил хичээсэн, бид нар ч бүгдээрээ таныг аваасай гэж маш их хүсэж байгаа. Тийм учраас та өөрийгөө битгий дутуу үнэлээрэй, тэрнийхээ төлөө энэ шагналаа авахын төлөө сайн хичээгээрэй гээд бүгдээрээ намайг маш их дэмжиж байсан болохоор надад маш их хүч болж байсан байх аа. Энэ жил миний хувьд 2-3 бэртэл гэмтэл байсан. Бэртэл гэмтэлтэй олон жил явчихсан учраас үүнийг даван туулаад статистикаа мэдээж сайн болгоод илүү ахиулъя гэж бодсон боловч өмнөх жилүүдийнхээс ер нь бараг 50-60%-аар доошоогоо унасан статистик маань гэхдээ бас үзүүлэлтүүдээ бас төдийлөн алдахгүй. Яг ингээд өөрийнхөө боломжит хэмжээнд барьж явахыг ер нь бол их хичээсэн. Тэгээд үүнийхээ хүчинд ямар ч байсан 12,9 оноо, мөн бусад үзүүлэлтээр энэ жил авсан. Энэ жил манай Б.Ариунцэцэг, О.Хулан 2 маань нэлээн хүнд улирлын дараа амрах шаардлагатай болсон. Эхний 2 сар яг тэр хоёр маань ерөнхийдөө амралтын байдалтай байсан. Тэгээд манай багийн гол ачаалал легионерууд маань болон миний нуруун дээр ер нь бол ирсэн. Яг их ачаалал авахын чинээгээрээ маш их хариуцлага надад ирсэн.
-Сагсан бөмбөгийн спортоор хэдэн настайгаасаа хичээллэж эхлэв? Хэн хамгийн их түлхэц өгөв?
-Миний хувьд 12-13 настай байхдаа 6-7 дугаар ангиасаа эхлээд л ер нь сагсан бөмбөгт нэлээн дуртай байсан. Гадаа задгай талбай дээр шитэн дээр тоглоод л сургуулийн шигшээ багиийн тамирчдыг дуудаад цуглуулахаар нь тэнд нь очоод ямар ч байсан нэг ийм сайн чадахгүй ч гэсэн ийм оролдлого хийгээд л дандаа явдаг байлаа. Хамгийн анх гадаа шит дээр тоглодог байхад аав надад миний төрсөн өдрөөр сагсан бөмбөг бэлэглэсэн яг тэр мөч сагсан бөмбөгтэй салшгүй холбоотой болох тэр л эхлэл байсан. Тэгээд нөгөө бөмбөгөө бариад л энд тэндэхийн шит дээр бүгд дээр нь очоод л нөгөөдхөө тоглоно. Ах нар бөмбөг гуйхаар нь өгөхгүй шүү дээ, намайг заавал багтаа авбал би бөмбөгөөрөө тоглуулна.(инээв) Ингэхдээ ах нартай нийлж тоглоод л баг дунд нь ороод л яг тэндээс л бүх зүйл эхлэлтэй байсан.
Аавдаа бас маш их баярладаг. Яг энэ спортод дурлах, тасралтгүй хичээллэсээр сагсан бөмбөгийн тамирчин болох анхны гайхалтай бэлгийг өгсөн болохоор аавдаа маш их баярладаг. Тэр цагаас хойш л энэ спортод маш их дурласан даа.
-Тамирчин хүнд хамгийн анхны тэмцээн, хамгийн анхны медаль маш гоё том дурсамж болон үлддэг. Өөрийн тань хувьд анхны тэмцээн нь ямар өрсөлдөөн байв?
-Хамгийн анхны тэмцээн Дархан хотынхоо сургуулиасаа аймгийн аваргад оролцоод тэр тэмцээндээ бид нар мөнгөн медаль авч байсан. Тэр бол сайхан мэдрэмжүүд бас мартахгүй дурсамжуудын нэг байсан. Дараа нь улсын чанартай Идэрчүүдийн улсын аварга гэж тухайн үед болдог байлаа. Тэр тэмцээнд Дархан хотоо төлөөлөөд Улаанбаатарт ирж оролцоод хүрэл медаль хүртсэн. Тэр медаль бас маш их түлхэц өгсөн. Тэр 2 медаль маань одоо болтол надад байдаг юм. Маш үнэ цэнтэй, тэр медалиа одоо ч хадгалдаг.


Б.Болор-Эрдэнэ: Сагсан бөмбөгөөр хичээллэсэн он жилүүдэд суралцсан туршлага нь олон зүйлд маш их хэрэгтэй
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Манай аавыг Баатар гэдэг. Монгол Улсын Төмөр замд насаараа ажилласан. Ээж маань нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажилладаг байсан. Би эцэг, эхээс 8-уулаа. 5 ах, 2 эгчтэй, айлын бага охин. Одоо аав, ээж хоёр минь хоёулаа бурхан болчихсон.
-Зогсолтгүй урагшлах гол түлхэц болж, амьдралд нь тохиолдож байсан дурсамж?
-Яг ээж минь бурхан болчихсон. Дээр нь бэртэл гэмтлээс эхлүүлээд л маш хүнд асуудлууд их байсан. Үүнтэй зэрэгцээд л амьдралын хүнд үеүдтэй тулгарсан. Миний хувьд болохоор би тийм амархан бууж өгөх ерөөсөө дургүй хүн шиг байгаа юм. Аав, ээж хоёр маань надад яг иймэрхүү л зан төлөвшлийг суулгасан байх гэж би боддог. Дээрээс нь манай Ц.Цэвэрбал багш маань яг тэр хэцүү хүнд байдал тохиолдсон үед надад маш их хүч өгсөн. Ээж маань бурхан болоод хөдөөлүүлсний дараа яг 7 хоног болж байхад Цэвэрээ багш над руу залгаад за одоо бэлтгэлдээ ирээрэй гээд л хэлсэн. Би Дарханд байсан. Ингээд 1 дэх өдрөөс нь бэлтгэлдээ явж эхэлж байсан. Яг тиймэрхүү зүйлүүд намайг илүү зогсохгүй урагшлах ёстой юм байна. Бууж өгч болохгүй, шантарч болохгүй юм байна зэргээр илүү хурцалж, дахин дахин өөрийгөө илүү сайжруулах ёстой юм байна гэсэн зүйлүүдийг надад суулгасан болов уу гэж би хардаг. Тэгээд сагсан бөмбөгтэй ингээд холбогдоод ерөнхийдөө 18 жил болчихсон. Энэ хугацаанд маш их зүйлийг үзэж туулсан, тэгээд маш их туршлага хуримтлуулсан, 10 гаруй жил формоо хадгалаад, яг тэрүүгээрээ ингээд сагсан бөмбөг тоглоно гэдэг нь өөрөө маш их хэцүү зүйл байсан юм байналээ. Ингээд ард нь гараад ямар ч байсан одоо болтол ингээд тодорхой хэмжээний амжилт үзүүлээд явж байгаадаа маш их баяртай байдаг.
Туршлага нь олон зүйлд маш их хэрэгтэй. Тэгээд чухал үед чухал шийдвэр гаргах ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлд бас нэлээн түлхэц болж өгдөг байх гэж би боддог.


МУГД Д.Гүржав, Ц.Цэвэрбал багш нартаа маш их баярлаж талархаж явдаг. Шавь нь илүү их хичээж, хөдөлмөрлөж байгаа шүү гэдгээ хэлмээр байна
-Анхны болон багш дасгалжуулагч нараа танилцуулна уу?
-Мэдээж анхны багш дасгалжуулагч Д.Гүржав багшдаа маш их баярлаж явдаг. Яг анх намайг бэлтгэлд ирээрэй, заавал хүрээд ирээрэй гээд л маш их урьдаг байлаа. Би ер нь очих жаахан дургүй байсан, анхнаасаа ингээд зугтаад л байдаг байсан юм. Гүрээ багшаас жаахан айгаад байдаг байсан байхгүй юу. Би тухайн үедээ 10 жилийн хүүхэд байсан болохоор багш ер нь хатуу, чанга ийм, ийм байдаг гээд тэгэнгүүт л бага зэрэг айгаад ихэнхдээ зугтдаг байсан. Тэгээд сүүлдээ ямар ч байсан Гүрээ багш дээрээ очиж, танилцаад бэлтгэлээ хийгээд улсын аваргад Улаанбаатарт ирж оролцсон.


Ингээд Гүрээ багш маань Цэвэрээ багш дээр дагуулж очоод, энэ хүүхдийг тан дээр ингээд шавь болгоод өгмөөр байна гэж хэлээд, илүү цаашаа хичээллэх урам зориг өгсөнд маш их баярладаг. Мэдээж багш нар маань миний төлөө надад ингээд маш их цаг хугацааг зарцуулсан байгаа. Маш их сэтгэл, маш их хөдөлмөр. Тийм учраас яг багш нарынхаа ачийг хариулаад, сайн тоглоод, сайн тамирчин болоод, зөв хүн байгаад, илүү их зогсохгүй урагшлаад, хичээгээд, өөрийгөө батлаад ингээд явахыг маш их зорьдог. Багш нартаа маш их баярладаг шүү.


Тэгээд шавь нь ямар ч байсан та хоёрынхоо мөн та нарынхаа итгэлийг алдахгүй ингээд өдий хүртэл хичээгээд явж байгаа шүү гэж хэлмээр байна.
-Сагсан бөмбөгийн спорт Б.Болор-Эрдэнэд ямар онцгой зүйлийг бэлэглэв?


-Үнэхээр энэ спортод маш их хайртай, маш их дуртай. Тийм ч учраас энэ олон жилийн хугацааг өнгөрүүлсэн. Сагсан бөмбөг бол миний амьдралын маань салшгүй нэг хэсэг. Энэ спорт бол миний амьдралд олон сайхан зүйлсийг өгсөн. Одоо гоол оруулж байгаа тэр мэдрэмж нь өөрөө яг тэр хүнийг дахин, дахин тэрийг сайн хийж одоо дараагийнхаа алхмыг нь ч юм уу өгдөг тийм нандин мэдрэмж байдаг байх гэж боддог юм.
Би нэг удаа Буянт-Ухаа дээр нэг тэмцээнд оролцохдоо аавыгаа авч очоод тухайн үедээ аав миний тоглолтыг үзсэн чинь намайг гоол оруулах болгонд уйлсан гэсэн. Тэгээд яг би тухайн үед хүүхэд байсан, залуухан байсан болохоор ерөөсөө 1 их тийм их зүйл бодоогүй. Сүүлд ингээд бодсон чинь яагаад охиныгоо гоол оруулах болгонд аавын сэтгэл нь хөдлөөд уйлаад байсан бэ гэдэг тэр нандин мэдрэмжийг ойлгуулж өгсөн зүйл нь яг аавын тэр хэлсэн үгийг би сүүлд бодоод ойлгосон л доо.


Бид нар 2020 оны зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад, 2019 оны яг 11 сард шууд дамжуулалт цацагдаад, Олимпын эрхээ авсан хэмээн зарлагдсан. Аав маань надад хэр барагтай юм ярьдаггүй, магтаал хэлдэггүй, ер нь их дотогшоо, даруухан, хэрийн уурлаад байдаггүй хүн л дээ.
Ингээд яг тухайн үед эгч, ах нартай хамт байхдаа манай аав:
Миний охин бол “мандаж яваа хүн” гэж хэлж байсан гэсэн. Тэгээд надад дараа нь эгч нар хэлэхэд нэг тийм гоё сэтгэгдлийг үлдээсэн. Ямар ч байсан ингээд аав маань намайг хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд намайг сайн яваа, аавынхаа нэрийг гаргаж яваад баярласан байна гэж бодоод сэтгэл маш их хөдөлсөн.


Ах, эгч нар маань миний байнгын фэн, хөгжөөн дэмжигч, зөвлөн туслагч болж өгдөгт маш их талархдаг
-Эгч, ах нар нь байнгын үзэгч, дэмжигч, зөвлөн туслагч байх?
-Тийм. Мэдээж бүгдээрээ залгаад л за яаж байна, одоо ямар нэгэн, аль нэг тоглолтод оролцохгүй ч юм уу байх юм бол яачихсан юм, юу болсон юм, яагаад ингэчхэв гээд л бүгдээрээ маш их санаа тавьдаг, тэд маань намайг маш их дэмждэг. Тэгээд бүгдээрээ М банк аренад ирээд л, “Улаанбаатар Амазонс” урагшаа, амжилт гээд л дэмжээд, тоглолтыг маань үзээд суудаг.
Бүгдээрээ намайг маш их дэмждэг, тэгээд ах эгч нартаа бас маш их баярлаж явдаг. Дандаа дэмжээд, тусламж үзүүлээд аль болох л ер нь намайг их ойлгохыг хичээдэг. Энэ жил би эрүүл мэндээ бодоод, бэртэл гэмтлээ сэдрээчихгүйн тулд сайн эдгээгээд, мөн ар гэрийн амьдралаа төлөвлөх зорилготой байгаа. Тэгээд зарим нэг хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхдөө “Зодог тайлна” гэсэн бодолтой байгаагаа ярьчихсан юм. (инээв)
Би чинь ах, эгч нарынхаа хувьд хамгийн бага дүү нь бас хамгийн жаахнаараа л байгаа шүү дээ. Тэгсэн чинь залгаад заавал зодог тайлна гэж хэлээд байхдаа яадаг юм. Жаахан хүүхэд байж гээд ярьцгааж байсан. Манай ах, эгч нар спортод маш хайртай. Бид гэр бүлээрээ баг болж хуваагдаад чөлөөт цагаараа спорт зааланд ихэвчлэн сагсан бөмбөг бооцоотой тоглодог. Тэрүүхэндээ нэлээн ширүүн өрсөлдөөн үзүүлчихнэ. Энэ нь бүр манай гэр бүлийнхний тогтсон спортлог маш гоё арга хэмжээ болчихсон нь бидэнд сайхан дурсамжийг өгч байгаа юм л даа.


Сагсан бөмбөгийн спорт нь зөв дадал суулгах, сахилга баттай байх, цаг баримтлах гээд олон маш сайн чанаруудыг суулгаж өгдөг
-Сагсан бөмбөг бол багийн спорт. Ингэж нэрлэсний учир нь таны бодлоор?
-Багийн спорт гэж нэрлэсэн утга учир нь гэвэл миний бодож байгаагаар бие биенээ илүү ойлгох, хүлээн зөвшөөрөх тийм зүйл байдаг юм болов уу гэж боддог. Одоо тэр хүн магадгүй алдаа дутагдалтай, зөв сайн зүйлтэй байсан ч гэсэн тэр бүгдийг нь хүлээн зөвшөөрч, ойлгохыг хэлж байгаа юм болов уу.
Багийн спорт нь түүгээрээ бас маш их онцлогтой байх. Одоо хувийн спортоор хичээллэх бол зөвхөн өөрөө өөртэйгөө тэмцэлдэнэ. Талбай дээр гараад өрсөлдөгчтэйгөө тэмцэлддэг бол багийн спорт нь багийнхныгаа ойлгож хүлээн зөвшөөрнө. Багаараа хамт нэг үзэл бодолтой, нэг сэтгэл зүрхтэй тийм байж илүү дараагийнхаа түвшинд гарна гэдэг ч юм уу.
Сагсан бөмбөгийн спорт нь зөв дадал суулгах, сахилга баттай байх, цаг баримтлах гээд олон маш сайн чанаруудыг суулгаж өгдөг. Тэгээд Цэвэрээ багшийн маань нэг хэлдэг үг байдаг юм. Сагсан бөмбөгийн спортыг ямар ч хамаагүй хүн тоглож чадахгүй ээ. Яагаад гэвэл энэ нь бүх спортуудын ямар нэгэн байдлаар нэг алхам, нэг мэдрэмж, бүх зүйлийг суулгасан байдаг болохоор үүнийг ер нь илүү ухаантай, илүү хичээл зүтгэлтэй хүн л тоглож чадна гэж хэлж байсан. Тэгээд миний хувьд болохоор яг багшийнхаа энэ үгэнд маш их дуртай байдаг.
Ярилцсанд баярлалаа.
Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач Г.Дөлгөөн, О.Батболд
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







