
УИХ-ын гишүүн А.Ганбаатар эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” заалтын талаар дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл /Худал мэдээлэл тараах/ нь Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болж Эрүүгийн хуульд дараах гурван чиглэлээр өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох,
2. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-ийн 2.2-д “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор” гэж нэмэх,
3. Эрүүгийн хуульд “14.10 дугаар зүйл.Гүтгэх” гэсэн зүйл, заалт нэмэх.
Миний бие Ажлын хэсгийн гишүүний хувьд хэт ерөнхий байдлаар томьёолж, уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж агуулгыг хийсвэр, олон утгаар тайлбарлах, хэрэглэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байгаа бол 2, 3 дахь асуудлын хувьд сайжруулах, тодорхой болгох, ял шийтгэл тохирсон байх зэрэг үндэслэлээр дэмжихгүй байгаагаа илэрхийллээ” гэлээ.







