
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа АНУ-ын элчин сайдын яамд болон консулын газруудад АНУ-ын цагаачлалын бус виз мэдүүлж буй иргэдээс эх орондоо мөрдлөг хавчлагад өртөх эрсдэлтэй эсэхийг нь асууж лавлахыг үүрэг болгожээ.
АНУ-ын Цагаачлалыг хязгаарлах бодлогын дагуу орогнол хүссэн цагаачдын тоог бууруулах зорилготой уг шинэ журам нь аяллын виз, оюутны виз болон түр хугацааны ажлын виз хүсэгчдэд үйлчлэх аж. АНУ-ын Төрийн департаментаас АНУ-ын элчин сайдын яамд, консулын газруудад илгэсэн захирамждаа, “Консулын ажилтнууд гадаадын иргэд аяллынхаа зорилгыг гуйвуулж, цагаачлалын бус виз авч, АНУ-д хүрэлцэн ирсэн даруйдаа орогнол хүсэж, АНУ-ын цагаачлалын системийг мэхэлж, ашигладаг байдлыг таслан зогсоох ёстой.” гэжээ.
Шинэ журмын дагуу консулын ажилтнууд цагаачлалын бус виз хүсэгчдээс “Та эх орондоо эсвэл сүүлд оршин сууж байсан газартаа ад үзэгдэж эсвэл дарамт шахалтад орж байсан уу?”, “Эх орондоо эсвэл байнгын оршин суудаг газартаа очоод ад үзэгдэнэ, дарамт шахалтад орно гэж эмээж байна уу?” гэсэн хоёр асуултыг асуух ёстой ба виз хүсэгчид тухайн хоёр асуултад амаараа “үгүй” гэж хариулсан тохиолдолд визний ярилцлагыг цааш үргэлжлүүлэх аж.
АНУ-ын төрийн департамент АНУ-ын консулын ажилчдыг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах фронтын эхний шугам хэмээн тодорхойлж, виз хүсэгч нь АНУ-ын хууль журамд заасан нөхцөлүүдийг хангасан эсэхийг тодорхойлохын тулд консулын ажилчид байгаа бүх хэрэгсэл, нөөц бололцоогоо ашиглах ёстой гэжээ.
АНУ-ын хуулиар эх орондоо улс төрийн үзэл бодол, арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа зэргээсээ болж дарамт шахалт, мөрдлөг хавчлагад өртсөн эсвэл өртөх эрсдэлтэй иргэд АНУ-аас орогнол хүсэх бол АНУ-ын нутаг дэвсгэр дээр биечлэн байх ёстой гэж заасан байдаг аж.








