
Кенийн тамирчин хоёр хүрэхгүй цагийн дотор барианд орж, рекорд тогтоожээ
30 настай Кенийн тамирчин Себастьян Саве Лондон марафоныг 2 хүрэхгүй цагийн дотор туулсан анхны тамирчин болжээ. Тэрээр 42 км 195 м замыг 1 цаг 59 минут 30 секундэд туулж, дэлхийн рекордыг эвджээ. Түүний араас Этиопын тамирчин Йомиф Кежелча 1 цаг 59 минут 41 секундийн үзүүлэлттэйгээр хоёрт, хагас марафоны дэлхийн рекордын эзэн Уганда улсын тамирчин Жейкоб Киплимо 2 цаг 28 секундийн үзүүлэлттэйгээр гуравт оржээ. Дээрх гурван тамирчин нь 2023 онд Чикагогийн марафонд Кенийн тамирчин Келвин Киптумын тогтоосон 2 цаг 35 секундийн рекордыг эвджээ.
С.Саве марафоны эхний хагасыг 1 цаг 29 секундэд туулж, дэлхийн рекордыг эвдсэнээс гадна хоёр дахь хагаст эхний хагасаасаа ч хурдан гүйж чадсан байна. Тэрээр 2024 оны Берлиний марафон, 2025 оны Лондоны марафонд түрүүлж байсан ба энэ удаагийн марафонд ч хүмүүс түүнийг барианд хамгийн түрүүнд орж ирнэ гэсэн хүлээлттэй байв.
С.Саве Лондон марафонд гүйхээсээ өмнө К.Киптумын рекордыг эвдэх хүсэлтэйгээ илэрхийлж, дэлхийн шинэ рекорд тогтоох нь цаг хугацааны л асуудал хэмээн BBC Sport агентлагт өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Эмэгтэйчүүдээс Этиопын тамирчин Тигст Ассефа өмнөх рекордоо сайжруулж, 2 цаг 15 минут 41 секундэд барианд орсон бол тэргэнцэртэй тамирчдаас Швейцарын Марсель Хуг Лондоны марафоны 8 дахь түрүүгээ авчээ.








