
Сөүлийн Аудит ба Хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтаар 2021 онд БНСУ-ын Дэгү хотод нислэгийн даалгавар гүйцэтгэж явсан БНСУ-ын Агаарын нисэх хүчний F-15K загварын хоёр онгоц агаарт мөргөлдсөн нь нислэгийн үеэр сөнөөгч онгоцны нисгэгчид утасныхаа камераар зураг дарж, бичлэг хийхийг оролдсоноос болсон болохыг тогтоожээ.
Ослын энэхүү дүгнэлт гарсны дараа БНСУ-ын Агаарын нисэх хүчин олон нийтээс уучлалт хүсэж, хоорондоо мөргөлдсөн хоёр онгоцны нисгэгчдийн нэгийг нь албан үүргээс нь чөлөөлж, сахилгын арга хэмжээ авсан болохоо мэдэгджээ.
Шалгалтын явцад нислэгийн даалгавар гүйцэтгэж байсан сөнөөгч онгоцнуудын дагалдагч онгоцных нь нисгэгч утсаараа зураг авч, бичлэг хийхийн тулд огцом өндөр авч, зөвшөөрөлгүй манёвр хийсэн, нислэгийн даалгаврыг удирдаж байсан онгоцны нисгэгч дагалдаж яваа онгоцоо өөрийн утасны камерт бичиж байсныг тогтоожээ. Нисгэгчдийн уг үйлдлээс болж хоёр онгоц хоорондоо хэтэрхий ойртож, нисгэгчид ослоос бултах манёвр хийсэн хэдий ч дагалдаж явсан онгоцны сүүл даалгаврыг удирдаж байсан онгоцны далавчийг шүргэж, 880 сая воны хохирол учруулжээ.
Аудиторууд ослын гол буруутнаар дагалдах онгоцны нисгэгчийг нэрлэж, учруулсан хохирлынхоо 1/10 орчмыг төлөхийг үүрэг болгохын зэрэгцээ БНСУ-ын агаарын нисэх хүчнийг нислэгийн үеэр зураг авах, бичлэг хийх тал дээр хяналт шалгалт сул тавьсан хэмээн шүүмжилжээ.








