
Хүн өөрөө нийгмийн амьтан. Ер тэгээд нийгмээс харилцан хамааралтай ч байдаг. Иймээс ч хэн хүнгүй амьдарч буй нийгмээ гэрэл гэгээтэй, гоё тод өнгөөр бүтээлцэх хэрэгтэй болов уу.
Учир нь бидний ирээдүй гэрэлтэй байхыг хүн бүхэн хүснэ. Гагцхүү ямар өнгөтэй, хэрхэн гэрэлтэх эсэхийг томчууд бидний бүтээсэн нийгэм харуулах биз ээ.
Сүүлийн жилүүдэд Монгол залуус хилийн дээс алхах тоо өсөн нэмэгдэж буйг бид ярьсаар хэлсээр буй. Тэгвэл харин ч гадны орон руу чиглэсэн урсгал саарч байгааг одоо үеийн залуус онцолж байна. Хүний амьдралд тэр л чигтээ хүний л түүх үргэлжилдэг.
Харин өөрийн гэсэн шинэ өнгө төрхийн түүхээ бүтээж яваа, эгэл жирийн бизнес эрхлэгч, залуу үеийн төлөөлөл нэгэн онцгой түүхийг бид онцлохоор Нарантуул олон улсын худалдааны төвийг зорилоо.
Монголчууд бидний хэлж заншсанаар мангасын ам буюу тус захын хойд хаалгаар зураглаачийн хамтаар зорьж очин, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, эх орондоо л үйлдвэрлэж буй мод, модон эдлэлийг аав, ээжийнхээ хамтаар 2013 оноос тасралтгүй үйлдвэрлэж, худалдаалдаг Шийтэрчулууны Батдоржтой уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Монголдоо залуучууд үндэсний үйлдвэрлэлийн бизнес эрхлээд, төвхнөөд амьдрах боломж хэр байна вэ?
-Сайн байна уу. Монголдоо үндэсний үйлдвэрлэл эрхлээд амьдрах боломж бүрэн бий. Багаасаа л аав, ээжтэйгээ энэ ажлыг эхлэхэд нь хамтдаа байж ирсэн учраас яг энэ үйлдвэрлэлийн чиглэлээрээ дагнаж ажиллаад нэлээн хугацааг үдсэн.
Сүүлийн үед харин ч Монгол залуус эх орондоо үйлдвэрлээд, гадагшаа явах урсгал багасаад, сурч төгссөн мэргэжлээрээ ажиллах юмуу, эсвэл хувиараа ямар нэгэн бизнес эхлүүлээд эндээ төвхнөж амьдарч чадаж байгаа гэж бодож байна.
Миний хувьд одоо 22 настай. Үеийн залуус ийм л боломжийг илүү эрэлхийлж байгаа гэж боддог.


-Ор худалдаж авсан хүн дахин зорин ирж, үйлчлүүлдэг үү?
-Яг ор авсан хүмүүс дахин зорин ирж үйлчлүүлдэг. Мөн ах дүү, хамаатан саднаа дагуулаад ирж, үйлчлүүлдэг. Манайх хот дотроо бас хүргэлттэй. Худалдан авагчийнхаа гэрт ороо хүргэж өгөөд, угсраад өгдөг. Тэгээд угсраад өгөхөд маш гоё хүлээж авна. Тэр гоё хандлага нь бид нарт бүр за, ороо улам чанартай хийх ёстой юм байна гэдгийг л ойлгуулж өгдөг дөө.
Бидний үеийн залуус өөрийнхөө сонирхлоо дагаад хүссэн ажлаа хийгээд явдаг болчихсон.
-Энэ мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт хэзээнээс эхэлж оров?
-Манай аав, ээж 2013 оноос энэ үйлдвэрлэлд гар бие оролцож эхэлсэн. Аавыгаа дагаад энэ ажилд илүү дуртай болсон. 15-16 настайгаасаа л аавыгаа дагаад ажиллаж эхэлсэн дээ.
Аав минь хүн амьтан хуурахгүй, хамгийн гол нь бараа зарж буй хүн үнэн байх хэрэгтэй. Тэгээд хүнд хамгийн боломжийн үнээр зарах ёстой л гэж захьдаг даа. Манай аав, ээж, тэгээд бид 3 ерөнхийдөө хариуцаж ажилладаг юм.
Би өмнө нь яг үйлдвэрлэл дээрээ ажилладаг байлаа. Харин одоо үйлдвэртээ цөөн хэдэн хүн ажлын байраар хангаад, аав маань яг ид үйлдвэрлэл дээрээ гардаж ажилладаг. Би болохоор худалдааны талдаа түлхүү гар, бие оролцоод явдаг болсон.
Яг энэ ажилдаа би маш их сонирхолтой.
-Эдгээр зарж буй орныхоо будаг, өнгийг өөрсдөө хийдэг үү?
-Аав маань будгийн код гэдэг шиг зүйлийг нарийн бодож, төлөвлөж гаргадаг. Жишээ нь энэ шаргал модон ор бол өөрийнхөө модныхоо өнгөөр байгаа. Харин энэ хүрэн орыг будаг хольж гаргасан.
Орны толгойн чимэглэл кноп зэргээс аваад л бүх зүйл нарийн детальный хэсгүүдийг хүртэл бодож, төлөвлөн, хэмжиж, яг жигд стандарт хэмжээтэй, өө сэвгүй үйлдвэрлэдэг.
-Хамгийн их зарагддаг улирал нь хэзээ байдаг вэ?
-Зун 7 сард наадмын үеэр л гайгүй зарагдана. Байнга олон тоогоор авдаг газрууд бий. Амралт, зугаалгын үеэр аялал жуулчлалын улирал эхлэхээр жуулчны газрууд олон тоогоор авдаг.
Мөн монгол гэрт амьдардаг хүмүүс зорьж ирээд л авдаг даа.


-Материалаа хаанаас авах уу?
-Ер нь бүх материалаа Монголоосоо авч, үйлдвэрлэнэ. Цөөн тооны жижиг хэрэглэлүүд л урдаас авдаг. Монголд ер нь бүх л зүйлийг үйлдвэрлэдэг, хийж бүтээдэг болчихсон. Тухайлбал энэ орны ийм матрасуудыг Хятадаас орж ирдэг гэж ойлгоод байдаг.
Гэтэл одоо Монголд яг бүгдийг нь хийдэг болчихсон. Жишээ нь матрас гэвэл 4 төрлөөр гарч байгаа.
Хүний нуруу амраагчтай, доргионы хамгаалалттай, тэгээд хүний биеийн хэмжээгээр, биеийн хэлбэрээр шигдэж ордог матрас ч гэж бий.
Эд бүгд Монголд байдаг болчихсон. Харин худалдаж авах гэж буй хүмүүс жаахан ялгаж салгаад, бүтээгдэхүүнээ сайн судлаад авч байгаарай гэж хэлмээр байна.
-Нэг удаа өөрөөс нь худалдан авалт хийсэн хүнд хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?
-Нэг хүн авлаа гэхэд 5-6 жилийн дараа бол заавал ирнэ. Гэхдээ бид 8-10 жилийн баталгаа өгдөг дөө. Орны гол материал болох модыг бид нар өөрсдөө томоор нь авчраад яг л гараараа хийдэг. Энэ материалууд бол тэр чигээрээ л нарсан модоор хийгдэж байгаа. Хатаалганы нарс модоор хийдэг.
Өргөн орнуудад үйлдвэрийн аргаар хатаагаад, ямар ч чийг байхгүй болгоод үүний дараа зориулалтын будгаар нь будаад гаргадаг.
-Иргэд үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмждэг вэ?
-Хүмүүс бол монгол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих дуртай. Тэгээд яг хүссэн өнгө загвараар нь гаргаад өгч болно гэдгээрээ л давуу талтай байна даа.
Би үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа ч яг нөгөө зарим үед тэр бүр боломж нь гарахгүй байдаг болов уу. Тэгээд л урдаас орж ирж байгаа хямдхан бараа материалыг аваад тэр нь чанар муутай, эдэлгээ насгүй байдаг.
Тиймээс хүмүүсийг аль болох дахин дахин чанаргүй зүйл худалдаж авахаас сэргийлж, чанартай, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн л худалдаж авахыг санал болгодог. Хамгийн гол нь аавын минь захьдгаар хүн чанартай, үнэнээ хэлээд бараагаа зардаг байх ёстой. Хүнд худал хэлж, худалдаа наймаа хийх нь урт хугацаандаа явуургүй зүйл л дээ.
-Мод, модон эдлэл байгалийн мөн хүний эрүүл мэндэд эко учраас сөрөг, муу нөлөөгүй гэдгээрээ илүү байх?
-Тийм. Мод, модон эдлэл байгалийнх учраас жижиг өрөөнд ч тавихад өөрийнхөө үнэрээр, тэр орчиндоо агаар ялгаруулдаг, эко, эрүүл нэг тийм гоё тухтай байдалтай болгочихдог. Мөн манай үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэлэг, залуухан загвартай.
Модон эдлэл өөрөө өнгө дүрсээ алдахгүй, хэр баргийн юманд эвдэрч хэмхрээд байхгүй. Шууд л гоё дулаахан мэдрэмж төрдөг шүү дээ.
-Худалдаа, наймаа хийдэг хүний хандлага зөв байх ёстой. Тэр ч утгаараа найрсаг харилцаагаар үйлчлүүлэгчээ татдаг байх?
-Би ер нь их гэгээлэг хүн. Нэг тийм унжгар байвал наймаа хийж буй надаас хүн юм авахгүй. Тиймээс би хүнтэй гоё эергээр яриад, харилцаад ирэхээр надаас бас юм авах нь арай их байдаг. Тэгээд л тэрнээсээ ер нь л кайф авдаг даа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг бүтэн үзэх линк:








