
Говийн их ДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаанд “Хулан ирж адуунд нийлж унага барих, эхээс нь салгах зэрэг зан төрх үзүүлж байгаа тул холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэх хүсэлт малчдаас иржээ.
Хүсэлтийн дагуу хамгаалалтын захиргааны хамт олон дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хуланг тусгай зориулалтын хайрцгаар хамгаалалтын захиргаанаас 280 км зайд орших Мазаалай шандын нуруунд тээвэрлэн хүргэж ижил сүрэгт нь нийлүүлэн тавьжээ.
Хулангийн талаарх баримтууд:
Дэлхийн хэмжээнд ховордож буй хулангийн 80 гаруй хувь Өмнийн говьд бий. Хулан нь Монгол орны цөлжүү хээрийн сөөгт хөндий, нам аараг, толгод, уудам хотгор, хоолой, сайр садарга, талбиу дэнжээр бэлчээрлэдэг.
Ороо нийллэг нь долоодугаар сараас наймдугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ. Гүү тавдугаар сарын дунд үеэс долоодугаар сарын эх хүртэл төллөж, нэг унага төрүүлнэ. Хээлээ 340-342 орчим хоногт тээнэ. Байдас 3-4 настай, харин үрээ 4-5 нас хүрч үржилд ордог.
Зун өглөө, орой, шөнийн цагаар, сэрүүн улиралд бараг өдрийн турш бэлчээрлэнэ. Ус, бэлчээр хомс үед, эсвэл сэрүүн хүйтэн улиралд олон хулангийн сүрэг нэгдэж, хэдэн зуун бодьгалтай том сүрэг бүрэлдэнэ.
Азарга байх идэвхтэй нас нь 5-10 юм. Байгалийн нөхцөлд 14 хүртэл жил насалдаг.
Монгол хулан хул хонгор зүстэй, улирал болон бодгалиас хамаарч ухаа хонгор, цайвар хул, бор хул зүстэй ч тохиолдоно. Хуланг толгойн ясаар нь тахь адуунаас хялбар ялгах гол шинж нь түүний дээд эрүү завсрын ясны нийлэх хэсэгт байрлах товгор юм.








