
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Нэгдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмнэ гэж УИХ-аас 618 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Харамсалтай нь энийг хэрэгжүүлэхдээ төсвийн хууль болон хэд, хэдэн хууль зөрчиж, боловсролын салбарын ажилчдыг хоёр цалинтай болгосон. Нэг нь нэмэгдсэн цалин. Нөгөөх нь хуучин цалин. Хуучин цалингаас нэмэгдлийг нь өгнө гэсэн шийдвэрийг салбарын сайд нь гаргаж, туршлагатай сайн багш нарын урмыг хугалсан.
Мөн 1500 орчим цэцэрлэг, сургууль Нийгмийн даатгалын өрөнд орсон байна. 70 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. Нийгмийн даатгал нь төлөгдөөгүй учир багш нар жирэмсний амралтаа авч чадахгүй, эмнэлэгт хэвтсэн нь листийн мөнгөө авч чадахгүй, цалингийн зээл ч авч чадахгүй, гадагшаа явах виз мэдүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байсан. Тиймээс Засгийн газар өнөөдрийн хурлаараа тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарын бүх ажилчид бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа авах шийдвэрийг гаргалаа. Ингээд гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа. Цаашдаа багш нарын цалингийн асуудлыг ярихгүй” хэмээсэн юм.








