
БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газрын зүгээс Сөүл хотын Өмнөд тойргийн прокурорын газарт HYBE компанийн тэргүүн Бан Ши Ёкийг баривчлах саналыг хүргүүлжээ. Цагдаа нар Бан Ши Ёкийг 2019 онд хөрөнгө оруулагчдадаа HYBE компани хувьцаагаа олон нийтэд санал болгохгүй гэж худал хэлж, тэднийг хувьцаагаа зарахыг ятгасныхаа дараа 2020 оны 10-р сард IPO хийж, 200 тэрбум воны ашиг олсон хэрэгт буруутгаж байгаа юм.
Хууль сахиулагчид уг хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа ба энэ хугацаанд HYBE компанийн төв оффист нэгжлэг хийж, Бан Ши Ёкийн зарим хөрөнгийг царцааж, өнгөрсөн 8-р сараас хойш түүнийг хилээр гарахыг хориглоод байгаа юм.
HYBE компанийг амжилтад хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн BTS хамтлаг өнгөрсөн сард Сөүл хотын Гвангхвамун талбайд 4 жилийн дараа анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийж, энэ сард дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн 1-р сард BTS хамтлагийн зүгээс бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээ зарласны дараа HYBE компанийн хувьцаа сүүлийн 4 жилд байгаагүй өндөр үнэд хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд гаруй ам.доллароор нэмэгдсэн юм.
Ажиглагчид тус аялан тоглолтын ачаар HYBE компани 1 тэрбум гаруй ам.долларын ашиг орлого олно гэж тооцоолоод байгаа юм.
BTS хамтлагийн загалмайлсан эцэг гэгддэг Бан Ши Ёк хөрөнгө оруулагчдадаа худал хэлж, хууль бус арилжаа хийж, 5 тэрбум воноос дээш ашиг олсон хэрэгт буруутай нь тогтоогдвол БНСУ-ын хуулиар түүнд 5 жилээс бүх насаар хорих ял оноох аж.
2019 онд Bloomberg агентлаг Бан Ши Ёкийн хөрөнгө 770 сая орчим ам.доллартой гэж мэдээлж байсан бол өнөөдөр түүний хөрөнгө 2 тэрбум ам.долларыг давжээ. 2026 оны 3-р сарын байдлаар Бан Ши Ёк HYBE компанийн 13 сая гаруй ширхэг хувьцааг эзэмшиж байгаа нь 5 их наяд воны үнэд хүрэх аж.








