
Польшийн засгийн газрын эсэргүүцэл, дарамт шахалтын үр дүнд Америкийн реппер Канье Уэстын Польшид болох тоглолт цуцлагджээ
Канье Уэст ирэх 6-р сарын 19-нд Польшийн Хожув хотын Silesian Stadium цэнгэлдэхэд тоглолтоо хийх байсан ч тус цэнгэлдэхийн зүгээс тоглолт “албаны болон хууль эрх зүйн шалтгаанаар” цуцлагдсаныг мэдэгджээ.
2025 оны 2-р сард Канье Уэст өөрийн цахим худалдааны сайт дээр нацист тэмдэгтэй футболканууд борлуулж эхэлсэн ба тухайн оныхоо 5-р сард Heil Hitler нэртэй дуугаа цацсан юм. Тэрээр сүүлийн жилүүдэд еврейчүүдийг үзэн ядсан, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварласан, нацист үзлийг дэмжсэн зүйлс ярьж, бичиж олон нийтийн анхаарлыг татаж, хүмүүсийн уур бухимдлыг төрүүлсэн юм.
Өнгөрсөн 1-р сард шинэ цомгийн нээлт болон Европт хийх аялан тоглолтуудаасаа өмнө Канье Уэст Wall Street Journal сонинд өмнө нь хэлсэн үг, үйлдэлдээ уучлалт хүссэн, өөрийгөө нацист биш харин ч еврейчүүдэд хайртай нэгэн хэмээн тодорхойлсон мэдэгдэл нийтэлсэн юм.
Гэсэн ч Их Британи улсын засгийн газар түүнийг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хориглож, түүний оролцох байсан Wireless хөгжмийн наадам бүхэлдээ цуцлагдсан юм.
Польшид нацист бэлгэ тэмдгүүд, нацизмыг сурталчлах нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд 3 хүртэлх жилийн хорих ялтай юм. Польш улс нь Дэлхийн 2-р дайны үед нацистуудад эзлэгдэж, нацистууд тус улсад Европын бүх еврейчүүдийг устгах төлөвлөгөөнийхөө дагуу еврейчүүдийг бөөнөөр нь хорих, устгах лагериудыг барьж, тэдгээр лагериуддаа нийт 6 сая еврейчүүдийг хөнөөсөн юм.
Канье Уэстын тоглолт болох байсан Хожув хот нь нацистуудад хамгийн эхэнд эзлэгдсэн хотуудын нэг бөгөөд Польшийн Соёл, өв уламжлалын сайд Марта Чиенковска Канье Уэстын тоглолтыг цэнгэлдэхдээ зохион байгуулахыг зөвшөөрсөн нь байж боломгүй явдал хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC








