
Өнгөрсөн лхагва гарагт Кенийн шүүх тус улсын хилээр 2200 амьд шоргоолж гаргахыг оролдсон БНХАУ-ын иргэн Жан Кэгинд 12 сарын хорих ял, 1 сая шиллинг буюу 7746 ам.долларын торгууль ноогдуулжээ.
Кени улсад сүүлийн жилүүдэд шоргоолж хууль бусаар наймаалах хэргийн тоо өсөж, үүний нөлөөгөөр байгаль орчин сүйдэж байгаатай холбоотойгоор шүүгч ийм төрлийн хэрэг давтагдахаас сэргийлэн хатуу ял оногдуулах шаардлагатай гэж үзсэнээ онцолжээ.
Хятадад иргэд шоргоолжнууд худалдан авч, тэдгээр шоргоолжнуудаа тунгалаг саванд тэжээж, үржүүлж, шоргоолжны нийгмийн нарийн зохион байгуулалт, зан байдал, амьдрал, үржил зэргийг ажиглаж, судалдаг явдал тренд болоод байгаа аж. Уг трендийг дагаад тус улсад шоргоолж наймаалах бизнес цэцэглэж эхэлжээ.
Хятадын иргэн Жан Кэгиныг өнгөрсөн сард Найроби хотын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан ба Кенийн иргэн Чарльз Мвангиг Жан Кэгинд шоргоолж нийлүүлсэн хэргээр мөн яллажээ.
Өнгөрсөн онд Кенийн хилээр олон мянган амьд шоргоолж гаргахыг оролдсон 4 этгээдэд шүүхээс тус бүр 1 сая шиллингийн торгууль ноогдуулж байжээ.








