
ХЭҮК-оос “Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууц, нэр төр, аюулгүй байдалтай шууд холбоотой үндсэн эрхийн асуудал” сэдвээр мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ “Нэр бүхий компанийн хүний нөөцийн ажилтнаас мэдээлэл алдагдаж, ажилтнуудын дансаар ББСБ-уудаас болон банкнаас зээл авсан зөрчил илэрсэн. Тодруулан хэлбэл, 10 гаруй ажилтны мэдээллийг ашиглаж, 30 орчим сая төгрөг зээлсэн байна. Тухайн хүний нөөцийн ажилтан ажилтнуудынхаа мэдээллийг хадгалсан зөөврийн компьютероо гэртээ аваачсан байгаа юм. Гэр бүлийнх нь гишүүн ажилчдынх нь хувийн мэдээллийг олж авч, банкны данс хуурамчаар нээж, хохирол учруулсан байгаа юм. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу комиссын гишүүний шаардлагыг хүргүүлсэн.
Мөн төрийн албан хаагчийн эрүүл мэндийн мэдээллийн эмзэг мэдээллийг гуравдагч этгээдээр дамжуулан авч, хөдөлмөрийн харилцаандаа ашиглаж, хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон байна. Энэ зөрчлийг хүлээн авч, шаардлага хүргүүлсэн” гэлээ.








